УДШ-д С.Батдөлийн гомдлыг хэлэлцэх эсэх хурал болно

оруулсан Алсын Хараа

"Улаанбаатар төмөр зам"-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлийн гомдлыг Улсын дээд шүүхээр хянан хэлэлцэх эсэх хурал Лхагва гаригт товлогджээ. Түүний гэрээс нь олдсон долоон тэрбум төгрөгт үндэслэн яллаж, нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг долоон жилийн хугацаагаар, 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн билээ. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаснаар /2023.10.10/ түүний гомдлыг хэлэлцэж, 12 жилийн хорих ялаас нь хоёр жилийг хасч, 10 жил болж шийдвэрлэсэн байдаг.

С.Батдөлийн хахууль авах гэмт хэргээс нэг жил, мөнгө угаах гэмт хэргээс тус бүр нэг жилийн хорих ялыг хасч шийдвэрлэсэн байна. Харин бусад долоон шүүгдэгч нарт оноосон ялыг хэвээр үлдээсэн. Шүүгдэгч нар дунд түүний ах С.Баттулга гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Түүнийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд үргэлжилсэн үйлдлээр бусдаас хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн, яллах дүгнэлт үйлдсэн байна.

Ингэхдээ Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/-д заасан заалтаар тус, тус буруутгасан.

Сануулахад, Эрүүгийн цагдаагийн газрынхан өнгөрсөн нэгдүгээр сард хойшлуулшгүй ажиллагаа явуулснаар С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөг хураан авсан юм. С.Батдөл нь өмнө нь Улаанбаатар өртөөний орлогч даргаар ажиллаж байсан бөгөөд 2021 оноос Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч болон дэвшсэн байдаг.

Сэтгэгдэл бичих