"Эрчим хүчний 80МВт чадал нийлүүлэх батарей хуримтлуурын туршилт эхэлсэн. Импортын чадлыг 30МВт-аар бууруулахад сард ₮900 саяыг хэмнэх тооцоолол бий"

оруулсан Алсын Хараа

Эрчим хүчний 80МВт чадал нийлүүлэх батарей хуримтлуурын туршилт, тохируулгын ажил өчигдөр эхэлжээ.

Уг батарей хуримтлуур ашиглалтад орсноор

  • Оргил ачааллын үед нэгдсэн сүлжээнд 80МВт хүртэл чадлыг нийлүүлж, тэр хэмжээгээр импортын эрчим хүчийг бууруулах
  • Хүчдэлийн давтамж тохируулга хийх, ДЦС-уудыг “0” зогсолтоос сэргээх цахилгаан эрчим хүчийг нэгдсэн системд нийлүүлэх ач холбогдолтойг салбарын яамнаас мэдээлж байв.

Энэ талаар төслийн зохицуулагчаас тодруулахад "Туршилт эхлээд удаагүй, хоёр дахь хоногтоо үргэлжилж байна.

Эрчим хүчний 80МВт чадал нийлүүлэх батарей хуримтлуурын туршилт долоо хоног явагдана. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа албан ёсоор эхэлж, жигдрээгүй байгаа.

Уг батарей хуримтлуур ашиглалтад орсноор 17:00-21:00 цаг буюу оргил ачааллын үед дотоодоос эрчим хүч нийлүүлэх боломж бүрдэнэ. Үүний үр дүнд эрчим хүч хязгаарлагдах эрсдэлийг бууруулах юм.

Долоо хоногийн дараа туршилт дуусгахаар холбогдох яамнаас нэгдсэн мэдээлэл өгөх болов уу" хэмээв.

"Эрчим хүчний дутагдлаас хамаарч хэрэглээг хязгаарлахаас сэргийлэх боломжтой"

Мөн тэрбээр "Эрчим хүчний батарей хуримтлуур ашигласнаар оргил ачааллын үед хэдэн төгрөг хэмнэх боломжтойг тооцоолж болно.

Импортын чадлыг 30МВт-аар бууруулахад сард 900 сая төгрөг хэмнэдэг гэх тооцоолол бий. Гэхдээ тухайн өдрийн горимоос хамаарч 30МВт, 50МВт, 80МВт-аар нийлүүлнэ.

Бодитой хэмнэлтийг холбогдох байгууллагаас тусдаа тооцож гаргах байх.

Өвлийн оргил ачааллын үед ОХУ-аас авч байгаа шугамын хязгаар тулах эрсдэл үүсвэл батарей хуримтлуураас эрчим хүч нийлүүлэх юм. Эрчим хүчний дутагдлаас хамаарч хэрэглээг хязгаарлахаас сэргийлэх боломж бүрдэж байна.

Энэ бол хамгийн хурдан хугацаанд ашиглалтад орох боломжтой тохируулгын систем.

Жишээ нь усан цахилгаан станц барихад ойролцоогоор зургаан жилийн хугацаа шаарддаг. Харин энэ ажлыг гэрээ байгуулснаас хойш жил хоёр сарын дотор гүйцэтгэж буй" хэмээлээ.

Сэтгэгдэл бичих