/NYT/. Америкийн дуучин Тэйлор Свифт Time сэтгүүлийн оны хүнээр шалгарлаа.
Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Британийн хаан III Чарльз, Барби хүүхэлдэй зэрэг есөн нэр дэвшигчийн хамт Time-ийн жагсаалтад багтаад байсан юм. "Манай гаргийн найман тэрбум хүнийг төлөөлөх нэгнийг сонгох нь тийм ч амар хялбар биш.
Бид баяр баясгаланг түгээгч, дэлхийд гэрэл гэгээ авчирдаг хүнийг сонголоо. Тэр бол цаг агаар шиг хаа сайгүй байдаг" гэж тус сэтгүүлийн ерөнхий редактор Сэм Жейкобс мэдэгджээ.
Time сэтгүүл 1927 оноос хойш “Оны хүн”-ийг тодруулж байгаа юм. Энэ цолыг олгоход тодорхой шалгуур байхгүй, эерэг эсвэл сөрөг байсан эсэхээс үл хамааран тухайн жилд нийгэмд хамгийн их нөлөө үзүүлсэн хүнд олгодог.
Уг шагналыг олны танил эсвэл нэг хүнд тэр бүр өгдөггүй. Тухайлбал, 1969 онд дундаж америкчуудыг оны хүнээр тодруулж байсан бол 2006 онд интернэтийн хэрэглэгчид оны хүн болж байв. Харин 1982 онд компьютерыг "Оны машин"-аар шалгаруулж байжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг