Алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналдугийн эсрэг хөрөнгө оруулагчид хамтын зарга үүсгэж, криптовалютын дэлхийн хамгийн том бирж болох Binance-ийг сурталчилсных нь төлөө нэг тэрбум гаруй доллар нэхэмжилжээ.
К.Роналду Binance биржээр NFT криптовалютыг сурталчилсны улмаас алдагдал хүлээсэн хэмээн хөрөнгө оруулагчид мэдэгдсэн байна.
2022 оны арваннэгдүгээр сард Binance нь К.Роналдугийн виртуал цээж баримлыг дүрсэлсэн “CR7” хэмээх NFT багц токенийг (блокчейн технологи ашиглан бүтээсэн дижитал урлагийн бүтээл) арилжаалж эхэлжээ. Хөлбөмбөгчин сурталчилгааны явцад токен худалдан авагчдад хандан "олон жилийн турш дэмжиж ирсэн шүтэн бишрэгчдэдээ баярлалаа. “CR7” нь NFT-ийн ертөнцийг өөрчилж, хөл бөмбөгийг шинэ түвшинд гаргана" гэж амлаж байв.
Гэтэл 2022 оны арваннэгдүгээр сард хамгийн хямддаа 77 доллароор зарагдаж байсан К.Роналдугийн токен жилийн дараа 1 доллароор үнэлэгдэж байна.
АНУ-ын мөнгө угаахтай тэмцэх хуулийг зөрчсөн хэрэгт Binance-ийн гүйцэтгэх захирал Чанпэн Жао буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч огцорсны дараахан хөрөнгө оруулагчид К.Роналдугийн эсрэг хамтын зарга үүсгэлээ. Мөн тус компани АНУ-ын эрх баригчдад 4.3 тэрбум долларын торгууль төлөхөөр болсон юм.
К.Роналдугийн NFT багц токенийг түүний нэрийн эхний үсгүүд болон хөл бөмбөгчний дугаараар “CR7” гэж нэрлэжээ.