Засгийн газрын тогтоолоор баталсан “Цахим Үндэстэн” баримтлах чиглэл, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах хүрээнд “И-Монгол академи” УТҮГ-ын ажлын хэсэг 21 аймагт ажиллаж байна.
Одоогоор давхардаагүй тоогоор орон нутгийн 145 үйлчилгээ цахимжсан ч аймгууд харилцан адилгүй байдлаар E-Mongolia платформд үйлчилгээгээ нэвтрүүлээд байна. Тухайлбал, Баянхонгор 31, Дархан-Уул 64, Дорноговь 72, Дундговь 64, Сүхбаатар 76 үйлчилгээг цахимжуулжээ.
Ажлын хэсэг Өмнөговь, Өвөрхангай, Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймагт ажиллаж, E-Mongolia системийн талаар танилцуулж байна. Мөн аймаг тус бүрийн төрийн байгууллагын E-Mongolia платформоор дамжуулан үзүүлж буй үйлчилгээг дахин загварчилж, үйлчилгээний тоог нэмэхээр зарим байгууллагын мэргэжилтнүүдтэй уулзаж байна. Түүнчлэн, төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үйлчилгээнүүдэд шинжилгээ хийж шинээр нэвтрүүлэх боломжтой үйлчилгээг судлах, төрийн үйлчилгээний хэрэглээний талаар тандалт судалгаа хийх, төрийн албан хаагч, иргэдийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж байна. Мөн төрийн үйлчилгээний ХУРДАН цэг, сумдын оператор, төрийн үйлчилгээний хүсэлтийн бүртгэл хяналтын систем (services.e-mongolia)-ийн эрх бүхий шийдвэрлэх албан хаагчдад систем ашиглалтын сургалт, төрийн байгууллагуудын дотоод удирдлагын нэгдсэн системийн сургалт хийж байгаа юм.