Токио-Улаанбаатарын тусгай нислэг өнөөдөр 16.00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж, 266 иргэн эх орондоо ирлээ.
Токиогоос хөөрөхийн өмнө бүх зорчигчийн биеийн халууныг бүртгэлийн цэг, агаарын хөлөгт нэвтрэхийн өмнөх гарц дээр хэмжсэн ба халуунтай зорчигч байгаагүй аж. УОК-ын шийдвэрийн дагуу нислэгийн үеэр мэргэжлийн хяналтын байцаагч нар "COVID-19" халдварын оношилгоо хийсэн байна. Түүнчлэн нислэгээр нэн шаардлагатай эмнэлгийн оношлуур, тоног төхөөрөмж тээвэрлэн ирснийг МИАТ компаниас мэдээлсэн юм.
Иргэдийг ирсэн даруйд 21-28 хоног тусгаарлахаар ЗТХЯ, ХӨСҮТ, ОБЕГ, МХЕГ-ын алба хаагчид ажиллаж байна. Мөн зорчигчдын ачаа, тээшийг тодорхой хугацаанд ариутгасны дараа хүлээлгэн өгөх юм. Түүнчлэн тусгай нислэгийн бүрэлдэхүүнд багтсан мэргэжлийн хяналтын эрүүл ахуй, халдварын ахлах байцаагч нар, ХӨСҮТ-ийн эмч болон нисгэгч, инженер, техникийн ажилтан, үйлчлэгч нарыг мөн хугацаанд тусгаарлах юм.
Ташрамд дурдахад, өнгөрсөн сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр БНСУ-аас 244 иргэнээ татан авсан. Мөн өнгөрсөн сарын 16-нд Берлин, Москвагаас 231, Токиогоос 256, 18-нд Истанбулаас 252 иргэнээ тусгай нислэгээр авч ирсэн юм. Харин өчигдөр буюу энэ сарын 2-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр 261 хүн ирсэн. Ингэснээр өнөөдрийн нислэгээр ирсэн зорчигчидтой нийлээд 1510 иргэн эх орондоо ирлээ.
Улаанбаатар /МОНЦАМЭ/