Их хотын гудамж талбайд сүлд мод сүндэрлэж, шинэ жилийн ая, дуу эгшиглэн баярын уур амьсгал хэдийнэ орсон энэ үед Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Чинбат шинэ уран бүтээлээ өлгийдөн авлаа.
Тэрбээр монголчууддаа монгол вальс зохиож үлдээх мөрөөдлөө биелүүлсэн нь энэ аж. Б.Чинбат энэ талаар сэтгэгдлээ хуваалцахдаа “Бүжгийн хаан бол вальс. Монголын ард түмэндээ монгол вальсыг үлдээхийг хүсэж, зохиосон минь өнөөдөр биеллээ оллоо. Би хамгийн дуртай баяртаа зориулж шинэхэн шинэ жилийн “Цасан Вальс”-аа хуучин оноо үдэн, амжилт бүтээлээ тэмдэглэж буй бүх хүнд зориулж хайр шингээн бичлээ. Олон зуун хүний сэтгэл, хүч хөдөлмөрөөр бүтээлээ” гэв.