Яармаг дахь Эх, хүүхдийн эмнэлэгтэ хэвтэн эмчлүүлж байсан 0-2 насны 17 хүүхдэд тариа хийхэд бөөлжих, таталт өгөх зэргээр хүчтэй хариу урвал үзүүлсэн.
Тав хоногийн болсон эл үйл явдлын талаар тухайн өдөр Эрүүл мэндийн яамнаас “Тариа андуурч хийсэн зүйл байхгүй. Сувилагч нь шөнийн 00.00 цагийн тариагаа хийхдээ өмнө нь бүгдийг нь тариурт соруулж тавиад хийснээс болж хүүхдүүд реакци өгсөн байна” гэх тайлбар өгсөн байдаг.
Харин эмнэлгийн зүгээс “Тариа хийгээд, урвал гарсан шалтгааныг тодруулахаар шөнийн турш ажилласан. Найруулсан бодисыг нь шинжлэхээр хурааж авсан. Тухайн тариа нь бусад хүүхдэд хийсэнтэй ижил сери дугаартай байсан. Тиймээс тариатай холбоотой биш гэж бид дүгнэсэн. Сувилагч Монгол Улсын стандартад заасны дагуу тариа хийсэн эсэхийг 17 хүүхдийн эцэг, эхээс тодруулсан. Зарим нь сувилагч өрөөнд орж ирээд, тариагаа найруулсан гэж хариулсан бол нэг хэсэг нь найруулаад орж ирсэн гэсэн. Тиймээс сувилагч тарианы стандарт алдсан байж болзошгүй гэж үзэж байна. Сувилагчид хариуцлага тооцохоор чанарын алба ажиллаж байна” гэсэн юм.
Тэгвэл 17 хүүхдийн биеийн байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өчигдөр мэдээлэл өгөв. Тэдний өгсөн мэдээллээс 17 хүүхдийн 10 нь эмнэлгээс гарчээ. Нэг хүүхэд нь “Зүрхний хэрх” гэх хавсарсан өвчтэй байсан тул ЭХЭМҮТ-рүү шилжүүлсэн байна. Харин үлдсэн зургаан хүүхдийн эмчилгээ дуусаагүй учир тус эмнэлэгтээ үргэлжлүүлэн хэвтэж байгаа ажээ.