Шүүх байгуулах хуулийг яаралтай горимоор хэлэлцэнэ

оруулсан Алсын Хараа

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Өчигдөр намын бүлгүүд хуралдаж, зарим асуудлаар байр сууриа нэгтгэжээ. МАН-ын бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн байна. Нэгдүгээрт, дизель түлшний нөхцөл байдал, өвөлжилт хүндэрч байгаа асуудлаар Засгийн газраас энэ долоо хоногт мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзжээ. Хоёрдугаарт, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуулийг төслийг хэлэлцэн дэмжсэн байна . Гуравдугаарт, хорт хавдрын нөхцөл байдал, шинэ эмнэлэг барихтай холбоотой мэдээллийг сонссон байна.

Хурлын дараа МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнгөрсөн долоо хоногт гишүүдийн ирц хүрээгүйгээс Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж чадаагүй. Яаралтай горимоор орж ирсэн учраас энэ долоо хоногт Шүүх байгуулах тухай тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг байнгын хороод хуралдаж шийднэ. Энэ хуулийг дагаж хоёр том асуудал байгаа.  Авлигын шүүх байгуулах тухай асуудал бий. Авлигатай тэмцэх чиглэлээр олон арга хэмжээ авч, хууль эрх зүйн орчинг чангатгаж байгаа.

Гэхдээ бодит үр дүн гаргахгүй байна гэж нийгэм, олон нийт үзэж байгаа. Тиймээс Засгийн газар энэ хуулийг санаачилж оруулж ирсэн. Тэгэхээр энэ долоо хоногт байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, чуулганаар яаралтай горимоор хэлэлцэнэ” гэлээ.

АН: АВЛИГЫН ШҮҮХТЭЙ БОЛОХЫГ ЭСЭРГҮҮЦЭЭГҮЙ

АН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ. Тэрбээр "Авлигын шүүхтэй болох гэтэл АН-ынхан Хууль зүйн байнгын хорооны ирцийг бүрдүүлэхгүй эсэргүүцлээ гэсэн улс төр хийж байна. Тийм зүйл байхгүй гэдгийг хэлье.  Цар тахлын үеийн төсвийн зарцуулалтаар шинжээчтэй сонсгол явуулах ёстой гэж үзээд сонсголыг хойшлуулсан. Гэтэл УИХ-ын Тамгын газраас "Сонсголыг явуулсанд тооцсон. Тиймээс энэ асуудлаар нэг жилийн дотор дахин сонсгол явуулахгүй байх хуультай" гэсэн хариуг манай бүлэгт цаасаар ирүүлсэн. Энэ бол цар тахлын үеийн төсвийн зарцуулалтыг нуух гэсэн оролдлого. Ногоон автобустай холбоотой асуудлаар түр хороо байгуулж хянан шалгах сонсгол явуулах санаачилга гаргасан. Үүнийг дэмжиж 25 орчим гишүүн гарын үсэг зурсан. Ингэснээр хянан шалгах сонсгол явуулах боломж бүрдэж байна. Хянан шалгах түр хороо байгуулах саналыг МАН-ын бүлгийн 12 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан.  Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Ц.Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Б.Энх-Амгалан,  Ж.Эрдэнэбат гэсэн 12 гишүүн гарын үсэг зурсан" гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 237 (7222)

Сэтгэгдэл бичих