Б.ДАМДИН-ОЧИР
Нүүрсний сонсголын ажлын хэсгийн дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нүүрс тээврийн ар дахь улстөрчидтэй холбоотой нэлээд тодорхой мэдээллүүдийг өгч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тэрбээр нүүрсний сонсголын талаар ярих бүртээ нүүрс тээврийг хөндөж байна. Гол нь энэ жагсаалтад УИХ-ын нэлээд гишүүн бичигдэхээр болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна. Тэр ч байтугай “...Нүүрсний машинтайг нь гэхээсээ машингүйг нь тоолбол арай амар” гэж байх юм. Нүүрс тээврийн ар дахь улстөрчдийн жагсаалтыг дэлгэвэл нүүрсний сонсгол “гал”-тай болохоор байгаа аж. Яагаад гэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нүүрс тээвэрлэдэг 398 компани байдаг.
Эдгээрийн дийлэнх нь маш олон улстөрчтэй холбогддог байна. Мөрдөх байгууллага бүтэн жил ажиллаж байж эдгээр компанийн ар дахь улстөрчдийг олж тогтоожээ. Манай хашрууд нүүрс тээврийн компаниа 2-3 дамжуулж, маш сайн далдалсан бололтой юм. Тэдний тээврийн компаниуд дандаа хүний нэр дээр “нуусан” байжээ. Тодруулбал, мөрдөх байгууллагууд 2-3 дамжсан хамаарлуудыг нь тогтоосон байна. Ер нь бол тээвэр бол нүүрсний хулгайн хамгийн гол “салбар” гэж болно. Түүгээр дамжиж далд эдийн засгийн судал явагддаг. Түүнчлэн “...Ингэж нүүрсний тээврийн ар дахь эзэмшигчид, нууц хамаарлынх нь жагсаалтыг гарсан нь УИХ дээр Авлигын шүүхийн хуулийг гацаах бас нэг шалтгаан болсон” гэгдэж байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 237 (7222)