АН-ынхан “...Лу.Гантөмөр, С.Баярцогт хоёрыг дагаж сонгуульд орвол унана” гэдэгт санал нэгджээ

оруулсан Алсын Хараа

Б.ГАРЬД

Уг нь АН аятайхан төвхнөчих шг болсон. Худал бололтой. Дахиад л фракцын хайчинд оржээ. Энэ намд гурван том фракц хүчээ авч байгаа тухай аль хэдийнээс энд тэнд яриад эхэлсэн. Сүүлийн үед тэр нь ил болоод байна. Дотоод зөрчлөө дарж чадахаасаа өнгөрөв бололтой. Шулуухан хэлэхэд, Лу.Гантөмөр намаа эвлүүлж дөнгөсөнгүй. Тэрбээр 2023 оны эхээр АН-ын дарга болсон. Тэгэхдээ “...АН-ынхнаа ойлголцуулна” гэсэн ам өгч байв. Тухайн үед “...С.Эрдэнэ, Х.Баттулга хоёрыг эвлэрүүлээд АН-ыг нэгтгэчихнэ” гэж байсан. Гэвч барсангүй. Бараг 10 сар өнгөрлөө. Эвдрэл нь улам гүнзгийрчээ. С.Эрдэнийн оронд С.Баярцогт гарч ирсэн. Нөгөө талд нь Х.Баттулга улс төр хийсээр байна. Өөрөөр хэлбэл, С.Баярцогт АН-ын тэргүүн дэд дарга болж, улмаар Улс төрийн зөвлөлөө удирдах болсон. Харин Х.Баттулга АН дахь сонгууль бүр дээр амжилттай “ажилласаар” ирэв. Тэгээд өнөөдрийн байдлаар аймгуудын АН-ыг 70 хувь, Нийслэлийн АН-ыг 100 хувь гартаа оруулчихаад байна. Бас энэ хооронд УИХ-ын гишүүд дээр суурилсан “Нэг Монгол” фракц мэндэлжээ. Ерөнхийд нь хэлэхэд энэ гурван том фракцын учрыг олж барсангүй л дээ. Хамгийн гол нь Лу.Гантөмөр энэ гурван фракцаа нүүр нүүрийг нь харуулаад нэг дор цуглуулж чадаагүй байна. Улмаар С.Баярцогтыг “дагачихсан” нь нөгөөх хоёрт нь нийлж тоглох сэдэл өгчихсөн бололтой юм. Тэр нь АН дахь зөрчлийг улам өрдөж, хүний хуваарилалтыг “нэг талд” гарахад нэмэр болсон байна. Нэг үгээр хэлбэл, АН-ынхан нэг хэсэг нь аль эрт арга замаа бодож, ХҮН-ыг бараадчихсан. Үлдсэн нь Х.Баттулга болон Лу.Гантөмөр, С.Баярцогт нарын дунд явж байна. Яагаад гэхээр, хэд хоногийн өмнө, “Нийслэлийн АН-ын дарга хэн болох вэ” гэдэг тодорхойгүй байхад “Нэг Монгол”-ынхон Лу.Гантөмөртэй уулзсан байдаг. Нэлээд эв түнжинтэй яриа болсон гэдэг. Гэвч яагаад ч юм, “...Лу.Гантөмөр ярьснаасаа буцлаа” гэж “Нэг Монгол”-ын гишүүд үзжээ. Ингээд Нийслэлийн АН-ын даргыг сонгох сонгуульд Т.Батцогтыг дэмжчихсэн байгаа юм. Түүнээс хойш Х.Баттулга ч өөрийгөө “...АН-д хамгийн бяртай хүн боллоо” гэдгээ ч мэдрээд эхэлжээ. АН-ынхантай өдөр шөнөгүй уулзаж байна. Өөрөөр хэлбэл, Х.Баттулгын Баянголын гадаах “уяа” дүүрэн байх болжээ. Харин Лу.Гантөмөр, С.Баярцогт хоёр сүүлийн хэд хоногт дөрөө харшуулан хамт байх болжээ. Намынхандаа “урилга” тарааж, ганц ганцаар нь дуудаж уулзаж байна. Тэд “...Хамтдаа он давъя”, “...Жагсаалтад оруулъя, хэд дээр бичих вэ” гэх саналуудыг тавьж байгаа аж. Үүнийг нь энэ намын залуус өөр хоорондоо ярьж байна. Энэ хоёр хүн яагаад ингэж салахаа больсон нь тодорхой шалтгаантай аж. Шуудхан хэлэхэд, АН-ынхан “...Лу.Гантөмөр, С.Баярцогт хоёрыг дагаж сонгуульд орвол унана” гэдэг дээр санал нэгджээ. Лу.Гантөмөрийг АН-ын дарга болоход хамгийн идэвхтэй зүтгэж “топ 5”-д багтаж байсан хүн хүртэл тэдэнтэй нэгдэж, “...Намын даргаа яаралтай сольж, ирэх сонгуульд намаа ялах хэрэгтэй байна” хэмээн уриалаад эхэлжээ. Тэдний эсрэг нэгдсэн “хүч”-ийг задалбал МоАХ, “Алтангадас”, “Нэг Монгол”, аймаг, дүүргүүдийн АН-ынхан байгаа юм. Хамгийн гол нь энэ бүхэн “үг” төдий биш байна. Үйлдэл болж идэвхжээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 235 (7220)

Сэтгэгдэл бичих