Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшү башё Фүкүока хотод үргэлжилж байна. Өнөөдөр/2023.11.22/ башёгийн 11 дэх өдрийн барилдаанууд боллоо. Башё өндөрлөх дөхөм тусам өрсөлдөөн улам чангарч буй.
Энэ өдөр озэки Киришима Б.Лхагвасүрэн сэкивакэ Вакамотохарүг давж, есөн даваатай болсноор башёг сэкивакэ Котоновака болон Атамифүжигийн хамтаар тэргүүлж эхэллээ. Харин Хошорюү С.Бямбасүрэн Асанояамаг давснаар найман даваатай болж, тэргүүлэгчдийн араас бичигдэж байна.
Башёг эрчтэй эхлүүлсэн озэки Такакэйшо өнөөдөр Котоновакад өвдөг шороодож, долоон даваа, дөрвөн унаатай болжээ.
Бусад монгол бөхчүүдийн тухайд Тамаваши Б.Мөнх-Оргил Кинбозанг давж, качикоши хийхэд нэг даваа дутуу ирлээ. Харин Хокүсэйхо Э.Даваанинж Охог дийлж, таван даваа, зургаан унаатай явна.