Израиль, Хамасын талууд дөрөв хоногийн хугацаанд гал зогсоохоор тохиролцлоо

оруулсан Алсын Хараа

Израиль, Хамасын талууд барьцааны хүмүүсийг хоригдлуудаар солилцож, дөрөв хоногийн хугацаанд гал зогсоох тохиролцоонд хүрснийг өчигдөр зарлажээ. Ингэснээр аравдугаар сарын 7-нд эхэлсэн дайн анх удаа завсарлах боломж гарч байна. Катар улсын зуучилсан гэрээний нөхцөлийг Израилийн Засгийн газар удаан хэлэлцсэний эцэст өчигдөр зөвшөөрсөн юм. Гэрээний дагуу Газын зурваст Хамас зэвсэгт байгууллагын барьцаанд байгаа 240 орчим хүнээс 50-ыг нь суллахаар болжээ.

Хүүхэд, эмэгтэйчүүдийг түрүүлж суллахаар болсон байна. Хариуд нь Израилийн Засгийн газар өөрийн шоронд хоригдож буй 150 палестин хүнийг суллахаар болжээ. Гал зогсоох үеэр Газын зурваст олон зуун автомашин хүмүүнлэгийн тусламж хүргэхээр болсон байна. Энэ үеэр бас Газын зурвасын өмнөд хэсэгт агаарын замыг бүрэн хаах бол умард хэсэгт нь өдөр бүр 10-аас 16 цаг хүртэл зургаан цагийн хугацаанд хаахаар болжээ.

Израиль-Хамасын яриа хэлэлцээнд АНУ-ын тагнуулын төв газар, Израилийн Моссад гадаад тагнуулын алба, Египетийн тагнуулын алба, Катар, Египет, АНУ, Израиль, Хамасын засгийн газрын төлөөлөгчид оролцсон байна. Дайтагч талууд гал зогсоох тохиролцоонд хүрсэнд Их Британи, Хятад, Франц, Орос, Герман улсууд баяр хүргэжээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш бас баяр хүргээд гэрээг “зөв чиглэлд хийсэн чухал алхам, гэхдээ хүмүүсийн зовлонг төгсгөхөд илүү ихийг хийх шаардлагатай” гэж мэдэгдсэн байна. Гал зогсоох хугацаа Баасан гарагаас эхлэх төлөвтэй байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

 

Эх сурвалж: Associated Press

 

Сэтгэгдэл бичих