Б.Жавхлан: Тендерт оролцох боломжгүй 61 компанийг хар жагсаалтад нэмсэн

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийт 61 компанийг хар жагсаалтад нэмж оруулсан гэж Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээллээ.

Уг жагсаалт орсноор тэдгээр компани тендерт оролцох боломжгүй болж байна. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд хийсэн хяналт шалгалтын хүрээнд тэдгээр компанийг дээрх бүртгэлд оруулсан аж. Энэхүү бүртгэлийг Засгийн газар болон Сангийн яамны цахим хуудас, tender.gov.mn сайтаас үзэх боломжтой аж.

Түүнчлэн төрийн худалдан авах ажиллагааны газраас 2024 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг өнөөдрийн хуралдаанаар баталсан байна. Төсөл, арга хэмжээ бүрийн техникийн тодорхойлолт, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгавар болон бусад шаардлагатай мэдээллийг төрийн худалдан авах ажиллагааны газар, аймаг, нийслэлийн ЗДТГ-т энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор тус тус шилжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгажээ.

Худалдан авах ажиллагааг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем буюу www.tender.gov.mn сайтаар зохион байгуулж, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, тендерийн урилга, үр дүнг тухай бүр цахим системд нийтэлж байх, мөн хууль тогтоомжийн дагуу ашиг сонирхлын зөрчил, авлигаас ангид байх зарчмыг баримтлан шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов.

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад 2024 онд шинээр 692 төсөл, арга хэмжээ тусгагдаад буй.

Сэтгэгдэл бичих