Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог 2024-2027 онд барих ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт даалгасан байна.
Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан "Метрог барих төслийн ТЭЗҮ болон зураг төслийг яаралтай боловсруулах үүргийг Засгийн газраас өглөө. ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулахтай холбоотой хөрөнгийг нийслэлийн төсөвт тусгана. Төслийн хүрээнд олон улсын тендер зарлана" гэж сэтгүүлчдэд мэдээлэв.
Метрог Амгалангаас Яармаг хүртэл хөндлөн чиглэлд 22,3 км-т барих аж. Уг төслийн урьдчилсан тооцоо, эх үүсвэрийн талаар судалж, шийдвэрлүүлэх саналыг энэ онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх юм.