/MarketWatch/. Нью-Йоркийн “Comex” биржийн мягмар гаргийн арилжааны явцад нэг унц алтны үнэ 2000 ам.доллароос давж өслөө. Тодруулбал, 12 дугаар сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ 1.15 хувиар өсөж, нэг унц нь 2003.1 ам.долларт хүрсэн байна. Алтны үнэ хамгийн сүүлд 10 дугаар сарын 31-нд 2000 ам.долларын босгыг давж байжээ.
Дэлхийн улс орнуудын Төв банкууд алтны худалдан авалтаа нэмэгдүүлж байгаа нь энэхүү үнэт металлын үнэ өсөхөд нөлөөллөө. АНУ-д инфляц суларч буй шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн нь Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөхөө зогсооно гэсэн хүлээлт үүсгэсэн нь мөн нөлөөлжээ.
"Ази тивд алт эрэлт ихтэй байгаа. Тухайлбал, Энэтхэг улс гэхэд аравдугаар сард хүлээгдэж байснаас хамаагүй их хэмжээний алт импортолсон" гэж Денвер хотод төвтэй, үнэт металл, санхүүгийн мэдээллийн GoldSeek.com порталын ерөнхийлөгч Питер Спина ярилаа.
"Үүнээс гадна Засгийн газрын бондын өгөөж саяхнаас буурсан, түүнчлэн өнгөрсөн сард ам.долларын ханш суларч, ХНС бодлогын хүүгээ дахин өсгөхгүй гэсэн хүлээлт бий болсон. Энэ бүхнийг бодолцож үзвэл алт унц нь 2000 доллароос даван өсөж, бүх цаг үеийн дээд үзүүлэлтийг шинэчлэх магадлалтай" гэж тэрбээр нэмж хэлэв.