“...Авлигын бүх том хэргийн “чих”-ийг шүүхэд атгуулсан” гэж АТГ мэдэгдлээ

оруулсан Алсын Хараа

Б.ДАМДИН-ОЧИР

“...Нүүрсний хулгайгаас эхлээд том хэргүүд юу болж байна вэ” гээд нийтээрээ л чих тавьж байна. Хууль хяналтын байгууллага энэ талаар албан ёсоор тайлагнаж эхлэх шиг боллоо. Ямартай ч АТГ-аас даваа гаригт мэдээлэл өгсөн байна. Энэ сайн хэрэг. АТГ 2023 оны эхний 11 сарын хугацаанд   гэмт хэргийн талаарх 1477 гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 610-т нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг нээжээ. Үүнээс 773 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 38 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна. Ерөнхийдөө тус газар хандсан гомдлын шийдвэрлэлт 96.3 хувьтай байна. Түүнчлэн АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн 270 хэргээс 141-ийг нь шүүх эцэслэн шийдвэрлэжээ. Мөн энэ хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан 194.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 11.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн байна.

Уг мэдээллийг өгсөн АТГ-ын ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгийн хэлснээс “...Нүүрсний гэх тодотголтой хэргийн 85 хувьтай шүүх рүү шилжсэн” гэдэг нь анхаарал татав. Тэрбээр “...Олон нийтэд ил болсон Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох хэрэг шүүх рүү шилжсэн. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дууссан. Хэргийн холбогдогч нарт хэргийн материалыг танилцуулах ажиллагаа явагдаж байна. УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт холбогдох хэрэг одоогоор мөрдөн шалгах ажиллагаанд байна” гэсэн юм. Мөн л нүүрсний хэрэг, бусад том хэргүүдтэй холбоотойгоор оргон зайлсан “шувуу”-нуудын талаар “...Хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд гадаад улс руу оргон зайлсан сэжигтэн, яллагчдагч 34 иргэн байсан. “Шувуу” ажиллагааны хүрээнд Унгар, Серби, Польш, Австрали, Филиппин, Турк улсаас тус бүр нэг нэг, Хятадаас хоёр, нийт 12 “шувуу”-г Монголд авчирсан. Үлдсэн 19 этгээдийг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох, эрх зүйн харилцан туслалцаа хүсэн ажиллаж байна" гэлээ. Бас дуулиант “ногоон автбоус”-ны тухайд “...УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Сүхбаатарыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах саналыг мөрдөгчөөс прокурорт хүргүүлсэн. Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн үндэслэлээр буруутгаж байна. Хотын дарга асан Д.Сумъяабазарыг яллагдагчаар татах санал гаргаагүй” гэлээ. АТГ-ын хувьд лав л өнгөрсөн оны сүүлчээс эхлээд “үйлчлүүлэгч” олонтой л өнжих шиг боллоо. Үнэхээр ч зарим хүний хэлдгээр авлигачдыг “хяргасан” гэхэд болно доо. Учир нь нүүрсний хулгай, “ногоон автобус” гээд нийгмийн анхаарал, нийтийн шахалттай олон том хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Дийлэнхийг нь, ер нь бараг бүгдийг нь шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт “өгсөн” байна. Тиймээс АТГ энэхүү мэдээллээрээ  “...Авлигын бүх том хэргийн “чих”-ийг шүүхэд атгуулсан” гэсэн “мэдэгдэл”-ийг хийлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 233 (7218)

Сэтгэгдэл бичих