Улс төрд балчирдаж буй “Тэсо”-гийн “босс”

оруулсан Алсын Хараа

“NEWS” агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн 15-р тойрог буюу Увс аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан Одонгийн Цогтгэрэлийг танилцуулж байна.


Увсын цэнхэр хязгаараас УИХ-д суух оролдлого хийсээр 2020 оны сонгуульд ялалт байгуулан, парламентад орж ирсэн бизнесмэн бол “Тэсо” корпорацийн “босс” О.Цогтгэрэл юм. Цэнхэртэх дургүй тойргоос ялалт байгуулаад гарч ирэхэд нь “Ардаа том корпорацитай тулдаа мөнгөөр зодож гарч ирлээ” гэж шуугицгаасан.  Юутай ч тэр өрсөлдөгч нараасаа саналаар илүүрхсэн байдаг.

Тодруулбал, О.Цогтгэрэл сонгогчдоос 25982, Ч.Хүрэлбаатар сонгогчдоос 21911, Б.Чойжилсүрэн сонгогчдоос  20764 санал авсан юм.

УИХ-ын гишүүний тангаргаа өргөсний дараахан нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр О.Цогтгэрэл нарын гишүүд хуулийн байгууллагад шалгагдаж байна гэдэг мэдээлэл хэвлэлээр хөвөрсөн ч тэгсгээд намжсан.  Уг нь тойрог услах нэрээр хамгийн их хөрөнгө мөнгө хаяж буй нэр дэвшигчдийн тоонд О.Цогтгэрэл багтаж, “Таблет тараасан. Мөнгө тараасан” гэх хэл аманд орж байв.

Тэрбээр их улс төрд орж ирэх замаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажилласан үеэс эхлүүлсэн гэж хэлж болно. Энэ үедээ Увс аймгийн Ардчилсан намын дарга ч болсон.

Гэхдээ энэ албыг удаан хашиж чадаагүй. Ердөө гурван жил хашаад чөлөөлөгдсөн юм.

Тэрбээр өнгөрсөн жилээс эхлэн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга болсон ч “Өмнөх дарга Д.Ганбатаас илүү улс төрийн ухаан гаргаж ажиллаж чадахгүй байна. Дотооддоо зодоон хийхээс өөр зүйл хийхгүй байна” гэх шүүмжлэлийн эзэн болсон юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг 11 гишүүнтэй тооны хувьд цөөн хэдий ч бүлгийн дарга нь гишүүдээ зангидаж, зөв улс төр хийж чадвал Монголд эдийн засаг уруудан доройтож, бизнес эрхлэгчид нь өрнөөс өр, зээлнээс зээлний хооронд арай ядан бизнесээ залгуулж буй бол иргэд нь мөн л авсан цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй, үнийн өсөлтөд дарлуулж суугаа. Гэвч сөрөг хүчин Даваа гариг бүр хэлэлцсэн асуудлаар хэвлэлийн хурал хийхээс цааш зүйл сэтгэж чадахгүй байна. Цэрэг амь насаа алдсан хэрэг болж өнгөрснөөс хойш бараг арваад хоногийн дараа Батлан хамгаалахын сайдаас хариуцлага нэхэж буйгаа мэдэгдэж суух жишээтэй.

Үнэндзэ ч парламентад УИХ дахь Ардчилсан намын бүлэг байдаг эсэх нь ч эргэлзээтэй гэмээр явж ирсэн гэж хэлж болно.

Тооны хувьд гишүүд нь цөөн байж болох ч зөв улс төр хийж, эрх баригчдад хяналт тавьж чадвал энэ хулгай луйвар гарах байсан уу гэдэг асуудлыг сонгогчид сөргүүлэн тавьдаг нь ч бас бодолцох зүйл.

Нөгөө талдаа “УИХ дахь Ардчилсан намын бүлэг түүхэнд байгаагүй хамгийн муу даргатай ажиллаж байна” гэх санал шүүмжлэл өрнөх болсон нь О.Цогтгэрэл улс төрд жижигдэж буйг нотолсон зүйл болов уу.

Жил гаруйн өмнө “УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Д.Ганбат гишүүнийг заамдаж, зодохыг оролдсон гэх дуулианы эзэн болж байв. Эцэстээ энэ асуудал Д.Ганбат бусдыг гүтгэсэн болоод л дууссан. Уг нь Ардчилсан намын бүлгийн гишүүд Б.Пүрэвдорж гишүүний өрөөнд цугларч асуудал ярих үеэр маргаан гарч О.Цогтгэрэл дарга гишүүн Д.Ганбатыгаа заамдаж, Б.Пүрэвдорж гишүүн дундуур нь орж салгасан гэдэг.

Тэдний дунд бүлгийн даргын суудлаас эхлээд маргаан явж ирсэн байдаг. Энэ талаар Д.Ганбат гишүүн “Ардчилсан намын бүлгийн дүрмийг Үндэсний бодлогын хороо баталдаг. Баталсан дүрэмд хоёр ба түүнээс дээш удаа сонгогдсон гишүүд бүлгийн даргын ажлыг хийнэ гэж заасан байгаа. Гэтэл өнөөдөр О.Цогтгэрэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийг хоёр хуваачихсан. 5-6 хүнд сайдын суудал өгнө гэж хэлээд харин гэмт хэрэгт холбогдож байсан нөхдүүдийг гишүүдийн өрөөгөөр явуулж дарамтлуулж байна.

Би О.Цогтгэрэлд олон хэлсэн дээ “чи мах комбинатын ямаа шиг байна” гэж. Ардчилсан намд ийм урвагч байж болохгүй. Үүний цаана “Увсын бүлэглэл” байгаа гэдгийг би мэднэ” гэж хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ мэдэгдэж байв.

Харин О.Цогтгэрэл гишүүн “Намайг эрүүгийн гэмт хэргийг зохион байгуулсан мэтээр ярьсан. Надтай нэр холбогдуулан ярьсан хүмүүстэй нь би уулзаж үзээгүй. Тийм учир битүүлэг зүйл ярьсан байхаар нь өчигдөр таараад юу яриад байгааг нь тодруулж, маргалдсан. Тэгээд Д.Пүрэвдорж гишүүний өрөөнөөс гарсан. Өөр зүйл болоогүй” гэж, няцаасан юм.

Оюутан ахуй цагаасаа бизнес хийхээр оролдсоор хүнсний үйлдвэрлэл, гадаад худалдаа, тээвэр зуучлал, барилга, уул уурхай зэрэг нийт 12 охин компанитай болж, бизнесийн салбараа өөд татаж чадсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлгийг удирдаж чадахгүй байгаа гишүүнд цаашдын улс төрийн карьер байх уу гэдэг эргэлзээтэй болж буй. Ямартай ч улс төрд тэр жижигдэж буй ч бизнес нь цэцэглэсэн хэвээр байна.

МАН эрх барьж буй энэ долоон жилийн хугацаанд тэр Сэлбэ голын дагуу, нутгийн ах, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнтэй зэрэгцүүлэн бас нэгэн орон сууцны хороолол бариад буй.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ: 

  • Увс аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургууль
  • 1998 ондТИС-ийн Компьютерын техник менежментийн сургууль, эдийн засагч
  • 2008 онд Удирдлагын академи, докторант

АЖИЛЛАСАН БАЙДАЛ: 

  • 1998-2011 онд ТЭСО ХХК-ийн захирал
  • 2012-2015 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2015-2017 онд Увс аймгийн Ардчилсан Намын дарга
  • 2015-2020 онд ТЭСО корпорацын ерөнхийлөгч
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2022 оноос Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга

ШАГНАЛ:

  • 2012 онд Алтан гадас одон

ГАДААД ХЭЛ:

  • Англи

 

News.mn  Г.Хорол

Сэтгэгдэл бичих