XXIX их хамба Д.Чойжамцын сүүлчийн айлдвар

оруулсан Алсын Хараа

Т.САЙХАН

Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, ХХХ Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржийг ширээнд залах ёслол өчигдөр боллоо.  Ёслолын үеэр Гандантэгчэнлин хийдийн XXIX их хамба, номун хан, гансүр, гавж Д.Чойжамц ламд талархлын мандал өргөв. Үүний дараа XXIX хамба Д.Чойжамц их хамбын хувьд сүүлчийн  айлдвараа айлдлаа.

Тэрбээр "Билэг дэмбэрэлтэй сайхан өдөр шинэ хамбыг ширээнд залах ёслол, хуучин хамба надад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа болж байна. Энэ ёслолд хүрэлцэн ирсэн сүсэгтэн олон, лам хуваргууд, зочид төлөөлөгчдөд талархал илэрхийлж байна. Миний явж ирсэн замнал  хүнд хэцүү үеийг туулсан. 1937 оны хэлмэгдүүлэлтийн дараа 1944 он хүртэл долоон жил гандан хийдүүдийг хааж байсан. Тэр цагаас хойш 100 гаруй ламтай ганцхан хийд Монголд ажиллаж байсан. 1990 оноос 200 гаруй хийд нээгдэж, шинэ цаг эхэлсэн. 1990 он бол шашны эрх чөлөөгөө олж авсан үе юм даа.  Энэ цагаас хойш олон сайхан хамба үйл ажиллагаа үргэлжлүүлж залгамжлуулж ирлээ.

Миний хувьд олон сайхан гавж, хамбатай уулзаж, хамт байсны хувьд дээдсээсээ суралцах бололцоотой байсан. Олон сайхан лам нараасаа ном эрдэм суралцах боломж олдсон нь их хувь заяатай үйл. 1992 онд уламжлалт ламба гуай нар нас дээр гарсан байлаа. 1990 оноос залуу үеийнхэн лам болцгоосон. Тэдний дунд шашны дээд сургууль төгссөн хэдхээн хүн байсан. Тэдний дундаас намайг сонгож байсан юм. Тухайн үед гавж нар "Хүчин зүтгэхээс өөр арга байхгүй, сүсэг бишрэлтэй, үнэн сэтгэлээ өөд нь татаарай" гэж захиж байсан.

Энэ бол гайхамшиг биш юм. Өвөг дээдэс нь хөгширч, залуус нь шинэ эхэлж байсан завсрын үед яахын аргагүй үйлийн үрээр хамба болж байлаа. Энэ хугацаанд хийсэн зорьсон ажил маань сайхан бүтсэн. Энэ бол ганц хүний ажил биш. Сүсэгтэн олон, гадна дотнын маш олон хүний хүч хөдөлмөрөөр өдийд хүрсэн юм шүү.  37 жил Гандантэгчэнлин хийдийн төлөө, шашны төлөө ажиллажээ. Шинээр томилогдож байгаа хамба маань ажлаа сайн хийнэ гэж итгэж байна. Энэтхэгт ном эрдэмд маш сайн суралцсан.

Энэ бүгд шашин нэг шат ахиж байгаагийн илрэл юм. Сахил санваар лугаа төгөлдөр, эрдэм ном лугаа төгөлдөр болсон учраас Гандантэгчэнлин хийдээ удирдаж чадна гэж нэрийг нь тодруулсан юм. Үнэн сүсэг бишрэлтэй байгаарай. Ард олон, лам хуврагуудаа хэнийг нь ч ялгалгүй тэгш байж, бүгдийг нь энэрэн хайрлаж, бурхны шашнаа өргөөрэй гэж ерөөе" хэмээв.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих