Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр цэргийн албан хаагч амиа алдсан үйл явдалтай холбоотойгоор сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Энэ үеэрээ тэрээр: " Энэ асуудлаар хууль хяналтын байгууллагууд ажиллаж байна. Бүхий л мэдээллийг нээлттэй өгч байгаа. Энэ үйл явдалтай холбоотойгоор хугацаат цэргийн албан хаагчдын эцэг, эхчүүдийн саналыг хүлээн авч, уулзуулж байна. Задлан шинжилгээ хийх ажиллагаа хийгдэж байна. Эхний шатны мэдээллийг Шүүх шинжилгээний хүрээлэн өгч байх шиг байна.
Учир шалтгааныг хуулийн байгууллага тов тодорхой гаргах байх. Камерын бичлэг бүгд байгаа. Уг бичлэгийг эцэг эхчүүдэд ч үзүүлсэн. Одоо албан ёсны дүгнэлтийг хүлээж байна. Цэргийн албан хаагч амиа алдах гэдэг бол харамсалтай зүйл. Хэрвээ үнэхээр цэргийн алба хаагчтай холбоотой гэмт хэрэг байсан бол хариуцлага хүлээхэд бэлэн. Цэргийн албанд ямар ч яргалалт, дэглэлт байхгүй. Энэ бол гүтгэлэг. Зэвсэгт хүчин, ард түмнийг хагаруулдах санаатай зүйл явж байгаа гэж би үзэж байгаа" гэв.
Н.Отгон