Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг нас барсан хэргийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж энэ үеэр: "Манай баг хэргийн газар очиж үзлэг хийн, мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тасралтгүй явагдаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдээс мэдүүлэг авах, тухайн анги байрлалд байгаа хяналтын камеруудад үзлэг хийх, талийгаачийн үзлэгийн шалтгааныг тогтоохоор шүүх шинжилгээ хийх, цэргийн алба хаагчдын ундны ус болон тухайн өдөр идсэн хоол гэх мэт зүйлд шинжилгээ хийлгэхээр дээж аваад байгаа. Мөрдөн шалгах ажиллагаагаар 2023 оны 11-р сарын 12-ны өдөр талийгаач нэгдүгээр салааны 25 байлдагчийн хамт өглөө биеийн тамирын дасгал хийх, өглөөний цайндаа орох, Биеийн тамирын зааландаа бүжгийн сургуулилалт хийх, гаднах цас цэвэрлэх, оройн хоолондоо орох болон оройн тоондоо хамрагдах гээд тухайн ангийн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаандаа оролцоод амралтын байрандаа орсон байсан.
11-р сарын 13-нд өглөөний бослого зарлахад талийгаач босоогүй. Очоод үзэхэд нас барсан байсан. Иймд тухайн ангиас цагдаагийн болон эрүүл мэндийн байгууллагад дуудлага өгсөн юм билээ.
Талийгаачийн амь насаа алдсан байдлыг тогтоох зорилгоор холбогдох хуулиудын дагуу шүүх шинжилгээ хийсэн. Одоогоор шинжээчийн дүгнэлт гараагүй байна" гэв.
Н.Отгон