Л.Өлзийсайханыг Цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ

оруулсан Алсын Хараа

Т.САЙХАН

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг дэмжлээ. Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний  бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, Улсын дээд шүүхээс  квотын дагуу МУИС-ийн багш О.Мөнхсайханыг нэр дэвшүүлсэн юм.

Тэгэхээр цэцийн гишүүн Д.Одбаярын оронд Л.Өлзийсайханыг, Н.Чинбатын оронд О.Мөнхсайханыг томилохоор байнгын хороод дэмжээд байна. Тэднийг албан ёсоор томилохдоо УИХ-аар оруулж, томилгооны сонсгол хийх билээ.

Л.Өлзийсайхан нь 1975 онд Дархан хотод төрсөн. 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 1999 онд хууль зүйн ухааны магистр хамгаалжээ.
Тэрбээр 1998-2002 онд МУБИС, 2002-2015 он хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, 2007-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд газрын дарга, 2015-2017 онд шүүгч, 2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2019 оноос Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа. Л.Өлзийсайхан нь төрийн албанд 21 жил, үүнээс найман жилд нь Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Сэтгэгдэл бичих