Сангийн сайд Ч.Хүрэлбаатар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Элейн Конкиевич нар “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д тодорхойлсон зорилтуудыг хангахад чиглэсэн төсөв санхүүгийн удирдлагын шинэчлэлийг эрчимжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Монгол Улсын тогтвортой хөгжлийн богино болон дунд, урт хугацааны төлөвлөлтөд “Хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх”, “Асуудлыг тоо мэдээ, мэдээлэлд үндэслэн боловсруулах” зарчим баримталж буй. Энэ хүрээнд нотолгоонд суурилсан, үр дүнг чухалчилсан, ил тод, хариуцлагатай оролцоог хангасан төсөв санхүүгийн удирдлагын тогтолцоотой болохыг чухалчилж байгаа юм.
Хамтын ажиллагааны хүрээ үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналт болон хяналт-үнэлгээний шинэлэг аргыг нэвтрүүлэх, мэдээллийн систем хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг чухал асуудлыг хамарч байгаад талууд талархалтай байгаагаа илэрхийллээ. Улаанбаатар /МОНЦАМЭ/