"Монгол хаан" график комик зохиолын нээлт Лондон хотод болов

оруулсан Алсын Хараа

Монголын нэрт зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжгийг дэлхийн сор болсон бүтээлүүд шигшигдэн тоглогддог театрын ноён оргилын нэг Лондон хотын West End-ийн Колесиум театрт “Монгол хаан” нэрээр тоглуулахаар бэлтгэж буй.

Энэ хүрээнд Монгол, Британийн уран бүтээлчид “Монгол хаан” жүжгийн үйл явдлаас сэдэвлэсэн график комик номыг хамтран бүтээсэн бөгөөд номын нээлтийг 11 дүгээр сарын 8-ны өдөр Колесиум театрт зохион байгууллаа.

Нээлтэд Британийн төр, хувийн хэвшил, урлаг соёл, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл урилгаар оролцсон бөгөөд Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх баяр хүргэж үг хэлэв.

Элчин сайд Б.Энхсүх хэлэхдээ, "Монгол Улс, ИБУИНХУ дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй үед “Монгол хаан” жүжгийг Лондон хотноо тоглох гэж байгаа. Мөн тус график номыг хэвлэн гаргасан нь Монгол Улсын соёлын өв, түүх, ёс заншлыг Британийн төдийгүй олон улсын үзэгч, уншигчдад сурталчлан таниулах, иргэд хоорондын ойлголцол, хоёр улсын соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж байна" гэдгийг тэмдэглээд номыг бүтээхэд ажилласан нийт баг, уран бүтээлчдэд талархал илэрхийллээ гэж Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа ЭСЯ мэдээлэв.

Сэтгэгдэл бичих