П.Пикассогийн бүтээл 139 сая доллароор зарагджээ

оруулсан Алсын Хараа
/DW/. Испанийн нэрт зураач Пабло Пикассогийн 1932 онд туурвисан “Woman with a Watch” гэдэг нэртэй уран зураг Нью-Йорк хот дахь “Sotheby's” ордонд лхагва гарагт болсон дуудлага худалдаагаар 139.3 сая доллароор зарагджээ. Ингэснээр түүний бүтээлүүдээс хамгийн өндөр үнэд хүрсэн хоёр дахь бүтээл боллоо.
Нэрээ нууцалсан худалдан авагч уг урлагийн бүтээлийг авахын тулд бусад хоёр хүнээс илүү өндөр үнэ хаясан байна. Испанийн зураач энэхүү зурагтаа өөрийн дурлалт бүсгүй, урлагийн охин тэнгэрүүдийнх нь нэг Францын зураач Мариа-Тереза Вальтерийг хөх дэвсгэр дээр хаан сэнтий мэт сандал дээр сууж буйгаар дүрсэлжээ.
М.Вальтер 1927 онд 17 настайдаа П.Пикассотой Парист танилцсан бөгөөд тухайн үед нэрт зураач Оросын бүжгийн жүжигчин Ольга Хохловатай гэрлэсэн байсан юм. Тэдний хайр дурлалын харилцаа П.Пикассог М.Вальтерийн олон хөрөг зургийг бүтээн туурвихад нөлөөлжээ.
Дуудлага худалдаагаар зарагдсан П.Пикассогийн бүтээлүүдээс хамгийн өндөр үнэд хүрсэн нь “Les femmes d'Alger” нэртэй зураг бөгөөд 2015 онд “Christie's”-ээс явуулсан дуудлага худалдаагаар 179.3 сая доллароор зарагдаж байлаа. П.Пикассо орчин үеийн дэлхий ертөнцийн хамгийн нөлөө бүхий зураачдын нэг хэвээр байсаар байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл бичих