Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг буулгаж, дахин төлөвлөхөөр болсон. Үүнтэй холбогдуулан иргэдээс санал авч буй бөгөөд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өнөөдөр тус байранд үйл ажиллагаа эрхэлж буй иргэдтэй уулзан, мэдэгдэх хуудас хүргүүллээ.
2019 онд “Урт цагаан” үйлчилгээний төвд 24 хуулийн этгээд, зургаан иргэн түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулж байсан. 2020 онд Нийслэлийн Засаг даргын “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай А/216 дугаар захирамж гарснаас хойш эдгээр иргэн, аж ахуйн нэгжтэй түрээсийн гэрээ байгуулаагүй байна.
Нийслэлийн Өмчийн харилцааны газраас тус төвд түрээсийн гэрээгээр албан ёсоор үйл ажиллагаа явуулж байсан 22 хуулийн этгээд, гурван иргэнээс 2020-2023 оны аравдугаар сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрийг аравдугаар сарын 10-ны дотор төлөхийг шаардаж албан бичиг хүргүүлсэн. Гэвч дээрх иргэд, аж ахуйн нэгжүүд тус хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөгүй тул байр, талбайг аравдугаар сарын 20-ны дотор чөлөөлж өгөхийг мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн ч хариу өгөөгүй байна. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийслэлийн өмчийн байрыг иргэдэд дамжуулан түрээсэлж, гэрээний үүргээ биелүүлээгүй тул өнөөдөр тэдэнд дахин байр, талбайг яаралтай чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүллээ.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “2009, 2011, 2014 онд тус барилгыг ашиглах боломжгүй, барилгын хийц бүтээц нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэх дүгнэлтүүд гарсан. Иймд “Урт цагаан” үйлчилгээний төвийн нэгдүгээр корпус буюу спорт заал талаас нь нурааж эхэлсэн. Тус 25 этгээдтэй байгуулсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”, “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн ашиглалтгүй болон илүүдэлтэй ажлын байр, талбай, хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ”-ний 3.11-т “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг дамжуулан түрээслэх, хамтран түрээслэх бол Нийслэлийн Өмчийн харилцааны газраас зөвшөөрөл авна” гэж заасан. Гэтэл эдгээр этгээдүүд иргэдэд зөвшөөрөлгүй дамжуулан түрээсэлснээс үүдэн өнөөдөр энд үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэд түрээслэгчээ ч мэдэхгүй байна. Ийм эрсдэл өндөртэй барилга нураад унавал хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй. Тиймээс тус барилгыг хууль тогтоомжид заасан шаардлагын дагуу нураана. Энэ талаар 25 түрээслэгчид албан ёсоор мэдэгдэж, хэд хэдэн удаагийн шаардах хуудас хүргүүлсэн. 2020 оны нэгдүгээр сараас хойш улсын төсөвт нэг ч төгрөг ороогүй. Энэ бол төрийн өмч, орон нутгийн өмч. Орон нутгийн өмчийг 3-4 жил ямар ч үр ашиггүй ашиглуулж болохгүй. Тиймээс хууль тогтоомжийн дагуу нурааж, дахин төлөвлөнө” гэв.
НЗДТГ, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн зүгээс арваннэгдүгээр сарын 8-ны 09:00 цагт түрээслэгч нартай уулзалт хийхээр урьсан боловч ганц ч аж ахуйн нэгж, иргэн ирээгүй юм. Ийнхүү Хотын даргын орлогч өөрийн биеэр Урт цагаан үйлчилгээний төвд ажиллан, өдгөө үйл ажиллагаа явуулж буй иргэдтэй уулзан, мэдэгдэх хуудас хүргүүллээ.