УИХ-ын Тамгын газраас хаврын чуулган цахимаар хуралдах гэж буйтай холбоотойгоор хэвлэлийн хурал хийж байна.
УИХ-ын хаврын чуулган дөрөвдүгээр сарын 6-ны өдөр нээлтээ хийнэ. Энэ удаагийн ээлжит чуулганыг цахим хэлбэрээр явуулахаар шийдвэрлэсэн бөгөөд чуулганаар мөрдөх дүрэм журам, ажлын талаар мэдээлэл өгч байна.
УИХ-ын чуулганы таван танхимд нэгэн зэрэг зохион байгуулагдах бөгөөд 11:00 цагаас нээлтийг УИХ-ын дарга хийнэ.
Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор УИХ-ын чуулганы үйл ажиллагааг сурвалжлах хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зориулан түр журам гаргасан бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагынхан түр цэгт байгуулЖ түүнээс цааш нэвтрэхийг хориглож байна.
Чуулганы хуралдааныг олон улсад ашигладаг програм ашиглаж, цахим хуралдааныг явуулах бол санал хураалтын системийг дотоодын аж ахуйн нэгжийн хөгжүүлсэн үндэсний компаниудын програмыг ашиглахаар болжээ.
УИХ-ЫН ТАМГЫН ГАЗАР НӨӨЦДӨӨ ТУЛГУУРЛАН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ХИЙЖ БАЙНА
УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа "УИХ-ын хаврын чуулганы нээлт, хуралдаан болон цаашид үүсэж болох цахим хуралдааны бэлтгэл ажлыг хийж байна. Гишүүд таван танхимд хуваагдан хуралдаж байгаа хэдий ч нэг танхимд болж буй мэт дуу, дүрсний чанартай холбох дүрст хурлын системийг бүрдүүлсэн. Цахим хуралдаанд хоёр төрлийн програм хангамж ашиглана. Нэгдүгээрт хэлэлцүүлгийн буюу үг хэлэх, асуулт асуух програм. Хоёрдугаарт санал хураалт явуулах програм ашиглах бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг хангасан үндэсний компанийнхыг ашиглана. Одоогоор нөөцтэйгөө нийлээд хоёр, хоёр програм хангамжийг бэлтгэсэн. Гишүүн бүрийг iPad, дата симээр хангаж байгаа бөгөөд шаардлагатай бүх программ хангамжийг суулгаж байна" гэлээ.
УИХ-ын чуулганы хуралдааныг цахимаар хуралдуулахтай холбоотой бүх технологийн шаардлагыг хангасан бөгөөд ийнхүү цахимаар хуралдах болсонтой холбоотойгоор тоног төхөөрөмжийн хувьд байгаа нөөцдөө тулгуурлан зохион байгуулж байна гэв. Програм хангамжийн тухайд нэг компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнэ төлбөргүй програмаар хангаж байгаа гэв.
НЭМЭЛТ 15:10 цаг: Гишүүн бүрийг iPad-аар хангасан байдаг бөгөөд нэмэлт худалдан авалт хийгээгүй байна. Гишүүдэд олгосон байгаа iPad-ийг хураан авч програм суулгах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна.