Хөгжиж буй орнууд Хятад улсад 1 их наяд долларын өртэй болжээ

оруулсан Алсын Хараа

/DW/. Хятад улс “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд 1 их наяд ам.долларын /935 тэрбум евро/ авлагатай болсноор дэлхийн хамгийн том зээлдүүлэгч болжээ.

АНУ-ын Виржини муж улсын Уильямсберг хотод төвтэй AidData судалгааны хүрээлэнгээс даваа гарагт нийтэлсэн тайланд дурдсанаар, Хятадын өгч буй зээл нь дэд бүтцийн зээлээс яаралтай тусламжийн зээл болон хувирч байгаа бөгөөд нийт зээлийн 80 орчим хувь нь санхүүгийн бэрхшээлд орсон улс орнуудад үзүүлж буй дэмжлэг юм.

“Хөгжиж буй зээлдэгч орнуудын Хятадад төлөх нийт өрийн үлдэгдэл дор хаяж 1.1 их наяд доллар байна. Үүнд үндсэн зээл орсон бөгөөд зээлийн хүүг тооцоогүй" гэж Виржиниа муж улсын William and Mary коллеж дэх хөгжлийн санхүүжилтийг хянадаг тус судалгааны хүрээлэн мэдээлсэн байна.

Хятадын талын мэдээлснээр, 2013 онд Ши Жиньпиний санаачилсан дэлхийн дэд бүтцийн томоохон санаачилга болох “Бүс ба Зам”-д 150 гаруй улс нэгдээд байна. Хятад улс одоо бага, дунд орлоготой орнуудад жилд 80 тэрбум долларын зээл тусламж олгож байгаа бөгөөд 165 орчим улсад 21 мянга орчим төслийг санхүүжүүлжээ.

Үүний зэрэгцээ Хятадаас санхүүждэг дэд бүтцийн төслүүд нь эргэн төлөх боломжгүй өрийн дарамт учруулж байна гэх шүүмжлэл Өрнөдийн орнууд болон Шри Ланка, Замби зэрэг зээл авсан улсуудын зүгээс гарах болжээ.

Өнгөрсөн сард дээрх санаачилгын 10 жилийг ойг тохиолдуулан зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин 100 тэрбум гаруй ам.долларын шинэ санхүүжилтийг “Бүс ба Зам”-д олгохоо мэдэгдсэн юм.

Дэлхийн банк, AidData болон бусад байгууллагуудын энэ онд гаргасан хамтарсан тайланд дурдсанаар, Хятад улс сүүлийн жилүүдэд “Бүс ба Зам”-ын орнуудад олон тэрбум долларын тусламжийн зээл өгөхөөс аргагүйд хүрсэн байна.

Сэтгэгдэл бичих