Франц, Герман, Итали улсууд Францын “Arianespace” компанитай гэрээ байгууллаа.
Тодруулбал, “Ariane 6” зөөгч пуужинг худалдан авахад 11 хувийн хөнгөлөлт эдлэх нөхцөлтэйгөөр уг пуужингийн төслийг 340 сая еврогоор ивээн тэтгэх гэрээ байгуулжээ. Европын тус гурван улс Хятад болон Илон Маскийн SpaceX компанийг гүйцэж түрүүлэхийн тулд уг гэрээнд гарын үсэг зурсан байна. Гэрээнд мөн Ariane 6-г дор хаяж дөрвөн удаа хөөргөх захиалга, мөн Vega C хөнгөн пуужинг гурваас доошгүй удаа хөөргөх захиалгыг төрийн байгууллагуудаас авахаар тусгажээ.
Францын Сангийн сайд Бруно Ле Мэйр мэдэгдэхдээ "Arianespace-ийн авч буй санхүүгийн дэмжлэгийг SpaceX-ийн авч буй дэмжлэгтэй харьцуулж болохоор ойролцоо" гэж онцолжээ. Энэхүү хэлэлцээрт мөн 2030 он гэхэд Ariane 6-г хөөргөх тоог 15-аар нэмэгдүүлж, 42-т хүргэхийн тулд пуужин зохион бүтээхэд дэмжлэг үзүүлэх талаар тусгасан гэж Bloomberg агентлаг мэдээлэв.
Ariane 6 бол сансарт ачаа хүргэх зориулалттай, Европын сансрын агентлагийн зохион бүтээж буй зөөгч пуужин бөгөөд түүнийг Францын Гвиан муж дахь Куру сансрын хөлгийн буудлаас хөөргөнө. Ariane 6-г зохион бүтээх, пуужин хөөргөх шинэ цогцолборыг байгуулахад 4 тэрбум евро шаардлагатай бөгөөд Ariane 6-г 2024 онд хөөргөхөөр төлөвлөжээ.