"УБТЗ" ХНН: Энэ онд Монгол Улсын нутгаар 2,526 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрсөн нь өнгөрөгч оноос 609-өөр илүү байна

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Транзит Монгол” орон болох зорилт, “Бүс ба зам” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тээвэрлэлтийг эрчимтэй нэмэгдүүлж, Ази-Европыг холбосон гол коридорынхоо давуу талыг ашиглаж, бүс нутагтаа өрсөлдөх чадвараа дээшлүүлж байна. Ийнхүү УБТЗ дамжин өнгөрөх транзит чингэлгийн галт тэрэгний тоог эрчимтэй нэмэгдүүлж байгаа нь олон улсын тээвэр логистикт Монгол Улсын оролцох оролцоог нэмэгдүүлж, уг тээврээс олох эдийн засгийн үр ашиг дээшилж байгаа юм.

“Улаанбаатар төмөр зам” ХНН 2023 оны 11 дүгээр сарын 05-ны байдлаар 2,526 дамжин өнгөрөх чингэлгийн галт тэргийг Монгол Улсын нутгаар аялуулаад байгаа нь өнгөрсөн оноос 609 галт тэргээр илүү байна.

УБТЗ 2021 онд бүтэн жилийн турш 2,513 дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг аялуулж дээд амжилт тогтоож байсан бол энэхүү амжилтаа 2023 оны эхний 10 сарын дотор ахиулж чадлаа.

УБТЗ 2023 оны эцэст 2,900 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрүүлж Ази-Европын хоорондох бараа эргэлтэд идэвхтэй оролцож, чухал үүрэг гүйцэтгэх зорилттой ажиллаж байна.

Эх сурвалж: "УБТЗ" ХНН 

Сэтгэгдэл бичих