Д.Энхтүвшин: Хуулийн шинэчлэлээр холбоогоо илүү мэргэжлийн болгоход анхаарсан

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсонтой холбогдуулж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин сэтгүүлчдэд нэмэлт мэдээлэл өглөө.

Тэрбээр “Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ өнгөрсөн долоо хоногт бизнесийн байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзаж, хамтарч ажиллах боломжуудын талаар ярилцсан юм. Уулзалтаар төрийн бус байгууллагуудын чадамжийг сайжруулах, хувийн хэвшлийнхнийг нэгдмэл зохион байгуулалтад оруулах, эдийн засагт төрийн оролцоог бууруулах шаардлага байна гэж үзсэн. Ингэхдээ Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг шинэчлэхээр ярьж тогтсон.

Танхимын хууль нь 1995 онд батлагдаж, хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт орсон. Хуулийн шинэчлэлээр холбоогоо илүү мэргэжлийн болгоход анхаарсан гэхэд болно. Гурван жил тутамд явуулдаг судалгааны дүнгээс харахад, нэгдүгээрт бизнесийн орчинд татварын асуудал хүнд байна. Хоёрдугаарт зээлийн олдоц болон хүү. Гуравдугаарт мэргэжлийн ажиллах хүчний олдоц, түүний тогтвортой байдал. Дөрөвдүгээрт төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, түүнээс хамааралтай нийгэмд үүсэж буй авлига, хүнд суртал.

Үүний зэрэгцээ хувийн хэвшлийнхний гүйцэтгэж болохуйц ажлыг төр хийдэг зэрэг асуудал хөндөгдсөн байсан. Тус хуулийн төсөл батлагдвал эдгээр асуудлыг шийдвэрлэх гарц нээгдэх болно” гэлээ.

Сэтгэгдэл бичих