Цагдаагийн байгууллагаас энэ оны аравдугаар сард хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр насанд хүрээгүй долоон хохирогчтой, найман холбогдогчтой, гурван бүлэг этгээдүүдийн гэмт үйлдлийг илрүүлэн дайчлан баривчилж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг мэдээллээ.
Энэ оны эхний 10 сарын байдлаар нийт 20 хохирогчтой /насанд хүрээгүй 9/, 14 холбогдогчтой 10 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 11.1 хувиар өсжээ. Энэ төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирч байгаа насанд хүрээгүй хохирогчид дийлэнх нь гэр бүлийн таарамжгүй харилцаатай байдлын улмаас оршин суух газраа орхиж явсан хүүхдүүд байгаа аж.
Олон нийтийн цахим сүлжээнд “Санхүү авна”, “Санхүү өгнө” гэх зар мэдээллийн ард хууль бус үйлдлээ хэрэгжүүлэх гэж санаархаж буй этгээдүүд байгаа гэдгийг анхаарч, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Сүүлийн жилүүдэд “Хүн худалдаалах” гэмт хэрэг үйлдэгчид цахим орчинд хуурамч хаяг үүсгэн өсвөр насны охидтой харилцаж, улмаар тэдний итгэлийг олж хувь хүний нууцтай холбоотой нүцгэн зураг, дүрс бичлэг зэргийг хуурч мэхлэх замаар авч олон нийтийн сүлжээнд тараана гэх зэргээр айлган сүрдүүлж эрхшээлдээ оруулж бэлгийн харьцаанд орохыг шаарддаг байна.
Цахим орчинд “Санхүү өгнө” гэх зар мэдээллийг байршуулж охид, эмэгтэйчүүдийг олзлон авч, зодож, айлган сүрдүүлж хүчиндэх, нүцгэлж дүрс бичлэг хийж “Олон нийтийн сүлжээнд тавина, цагдаад өгнө” гэх зэргээр эрхшээлдээ оруулж, орон сууц, нийтийн байр хөлслөн зорчих эрхийг нь хязгаарлан хорьж, бусдад хүчээр биеийг нь үнэлүүлэх, гудамж талбайд зогсоож биеийг нь үнэлүүлэх, тэдэнд үйлчлүүлэгч олж өгөх, саун массажны газарт массажист нэрээр, караоке бааранд зочдын ширээнд суулгаж мөлжих зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийг үйлддэг байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд Хүн худалдаалах гэмт хэргийг зүйлчилсэн байдаг.
13.1 дүгээр зүйл.Хүн худалдаалах
1.Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;
2.2.хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж;
2.3.Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг:
3.1.байнга тогтвортой;
3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: -Хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.
-Энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход хохирогч өөрийг нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хохироож байгааг өөрөө зөвшөөрсөн эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.
Эх сурвалж: ЦЕГ