Нүүрсний хулгайг УИХ-ын Хянан шалгах түр хорооны хурал өнөөдөр 11:00 цагт товлогдсон ч ирц хүрээгүйн улмаас түр хойшлов.
Энэ талаар Хуульзүйн сайд Б.Энхбаяр "Арванхоёрдугаар сарын 4-нд нүүрсний сонсгол хийх ёстой. Хянан шалгах түр хорооны өнөөдрийн хурлаар ажлын даалгавар, тогтоол гаргах, дөрвөн шинжээч томилох шаардлага үүссэн. Зарим байгууллага дээр очихоор материалаа гаргаж өгөхгүй байна.
Нүүрсний хулгайг хянан шалгах түр хороонд орчхоод хуралдаа ирэхгүй байгаа нь саад болж байна гэж үзэж байна. Хуралдаа суухгүй байгаа гишүүдийг татуулна. Хянан шалгах түр хорооны гишүүд хуралдаа суухгүй бол нүүрсний хулгайн сонсгол хугацаандаа явахгүй байх эрсдэл үүсэж байна.
Э.Бат-Амгалан, Г.Ганболд, С.Ганбаатар, О.Цогтгэрэл нар хуралдаа ирээгүй байна.
Т.Доржханд гишүүн ирж хуралдаа суумаар байна, нүүрсний хулгайтай тэмц, тэмц гээд худлаа үнэн тоо яриад яваад байдаг. Яг шалгах гэхээр саад болж байна. Сөрөг хүчний гишүүдээс нэг нь ч алга. Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдээ сольж өгөх саналыг намын бүлгийн болон УИХ-ын даргад тавина.
Худалдан авахтай холбоотой 2,000 тендер шалгах гээд байдаг. Зургаан шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр шалгахад дор хаяж зургаан сарын хугацаа шаардагддаг ажил. Хянан шалгах хорооны түр хорооны хурлыг гишүүдийг иртэл хойшлуулъя" гэв.