Төрийн өмчийг дамжуулан түрээсэлж байгааг эсэргүүцэж "Өргөө 2 кино театраас ITPARK-аа аваръя" гэх санал асуулгыг эхлүүлжээ

оруулсан Алсын Хараа

Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк /МТҮП/-ийн зүгээс D-petition буюу нийтийн цахим өргөдөл, гомдлын систем дээр "ӨРГӨӨ 2 КИНО ТЕАТРААС ITPARK-АА АВАРЪЯ" гэх санал асуулгыг эхлүүлжээ.

Тодруулбал МТҮП-аас мэдээлснээр 2010 оноос хойш “Нью Тур Сафарис” ХХК нь /Өргөө-2/ кино театрын зориулалтаар МТҮП-ын байрны хойд хэсгийн талбайг 1 мкв нь 5,000-9,000 төгрөгөөр түрээсэлж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл өөрийн нэр дээр төрийн өмчийг дамжуулан түрээсэлж их хэмжээний ашиг олсоор байгаа аж.

Гэрээнд заасан түрээслэх хугацаа нь 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нд дууссантай холбогдуулан МТҮП-ийн зүгээс Өргөө-2 кино театрын гэрээг сунгахгүй, ITPARK-с гаргах хүсэлтэй байгаа юм байна.

"Өргөө 2 кино театрт түрээслээгүй бол технологийн салбарын бизнесүүд бойжиж 11.4 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл үйлчилгээг бий болгох байсан"

МТҮП-ын захирал Ж.Золзаяагийн мэдээлснээр МТҮП-ын хойд талбайг Өргөө 2 кино театрт түрээсэлснээр дараах боломжуудыг алджээ.

  • Зөвхөн түрээсийн орлогоороо 5.4 тэрбум төгрөгийн орлого
  • Үзэсгэлэнгийн танхим түрээсээрээ 417 сая төгрөгийн орлого олж,
  • Технологийн бизнесүүд бойжсон бол 2,000 гаруй ажлын байрыг бий болгож салбарын үйлдвэрлэл 2.8 хувиар өргөжин,
  • Мэдээлэл технологийн салбарт 11.4 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл үйлчилгээг бий болгох байжээ.

Нийтдээ 18.24 тэрбум төгрөгийн алдагдсан боломжийн хохирлыг мэдээлэл, технологийн салбар амссан байна гэдгийг тэрбээр онцлов.

Мэдээлэл, технологийн үндэсний парк /МТҮП/ нь Монгол Улсын мэдээллийн технологийг хөгжүүлэх, гарааны бизнесийг дэмжих, мэдлэг ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит үйлдвэрийн газар юм.

Цаашид ITPARK чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулж, тус хэсэгт технологийн олон улсын байгууллагуудыг албан ёсоор оруулах, судалгаа хөгжүүлэлтийн R&D төв байгуулах, салбарын гарааны компаниудыг бойжуулах салбарын бүхий л арга хэмжээ, экспо зохион байгуулах гэх мэтээр технологи сонирхогч залуусын чуулдаг таатай орчныг бүрдүүлэн ажиллана гэдгээ мэдэгдсэн байна.

Иймд технологийн салбарын залуусаараа нэгдэж уг санал асуулгад оролцохыг уриалжээ. Саналыг D-petition систем дээр энэ сарын 03-ны өдөр оруулаад байгаа бөгөөд 33,000 гарын үсэг цуглуулах ёстойгоос одоогийн байдлаар 614 хүн гарын үсгээ зуржээ.

Сэтгэгдэл бичих