НЬЮ-ЙОРК. 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /un/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Газын зурваст ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллаж, галаа зогсоохыг Израил болон ХАМАС бүлэглэлийн аль алинд нь хандан уриалжээ.
"Газын зурваст барьцаалагдсан хүмүүсийг урьдчилсан болзолгүйгээр нэн даруй суллахыг би дахин уриалж байна" гэж А.Гутерриш даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ "Урагшлах зам тодорхой байна. Энэ бол галаа нэн даруй зогсоох, бүх тал олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн үүрэг, зарчмыг дагаж мөрдөх явдал юм. Газын зурваст илүү их хоол хүнс, илүү их ус, илүү их эм тариа, мэдээж хэрэг илүү их түлш хэрэгтэй байна" гэв.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мөн Израил руу хийсэн ХАМАС бүлэглэлийн дайралтыг буруушааж байгаагаа дахин мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг