Г.Төмөрбаатар хэрэг тарьсан уу, хэлмэгдсэн үү?!

оруулсан Алсын Хараа

Б.ДАМДИН-ОЧИР

“...Америкт удаж байгаа Ч.Сайханбилэг рүү 2.8 сая ам.доллар шилжүүлсэн” гэх асуудалд НИТХ-ын төлөөлөгч, “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал, “ДЦС 3”-ын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Төмөрбаатар холбогдоод байна. Эх сурвалжуудын мэдээллээр, тэрбээр дээрх шилжүүлгийг 2022 оны наймдугаар сарын 15-нд хийжээ. Энэ мөнгө нь тухайн үеийн ханшаар 8.9 тэрбум орчим төгрөг болох юм байна.

Хамгийн гол нь “...Г.Төмөрбаатар яагаад Ч.Сайханбилэг рүү ийм их хэмжээний мөнгө шилжүүлэх болсон бэ” гэдэг анхаарал татаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор лав гурван асуулт тавигдаад байна.

Тэр нь, тэрбээр “Хөтөл”-ийн захирал асан худ ургийн холбоотой хүнийхээ нөлөөгөөр буюу “49”-ийнхний өмнөөс 2.8 сая ам.долларыг шилжүүлсэн үү. Эсвэл уг шилжүүлгийг хийсэн нэр бүхий банк Г.Төмөрбаатарын нэрийг ашиглаж гүйлгээг хийсэн үү. Мөн “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал байхад нь зарагдсан автобус баазын газрыг авсан компанийн мөнгийг дамжуулсан уу.

Ямартай ч, Г.Төмөрбаатар энэхүү 2.8 сая ам.долларын асуудлаар өчигдөр АТГ-т мэдүүлэг өгчээ. Гэхдээ дээрх “таамаг”-уудын аль нь үнэн эсэх одоогоор тодорхойгүй байна. Учир нь, “...Г.Төмөрбаатар хэрэг тарьсан уу, хэлмэгдсэн үү” гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны эцэст тодорхой болох аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 222 (7207)

Сэтгэгдэл бичих