Өнгөрсөн гурван хоногт цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас найман иргэн нас баржээ

оруулсан Алсын Хараа

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас энэ сарын 3-5-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд зургаа, Лүн суманд нэг, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд нэг буюу нийт найман иргэн малдаа явж байгаад шуурганд төөрч, осгон амь насаа алдсан байна.

Үүний нэг нь хүүхэд байсан талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд самарт явж байгаад төөрсөн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Цасан шуурганы үеэр Ховд, Увс, Завхан, Архангай, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн 24 суманд төөрсөн, сураггүй болсон 30 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 46 хүн сураггүй болсон байна.

Дуудлагын дагуу тухайн аймгуудын Онцгой байдлын газар, нутгийн захиргааны байгууллагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 37 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр

  • Арваннэгдүгээр сарын 3-нд Говь-Алтай, Ховд аймгийн хойд, Увс аймгийн зүүн хэсэг, Архангай, Завхан аймгийн нийт нутгаар 0.0-8.0 мм цас орж, салхины хурд 16-20 метр секунд хүрч, цасан шуурга 1-5 цаг орчим шуурсан.
  • Арваннэгдүгээр сарын 4-нд Архангай аймгийн зүүн, Булган аймгийн өмнөд, Хэнтий аймгийн баруун, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар 0.0-7.0 мм цас орж, салхины хурд 16-18 метр секунд хүрч, хүчтэй цасан шуурга 12-15 цаг шуурсан.
  • Арваннэгдүгээр сарын 5-нд Төв аймгийн нутаг, Дундговь аймгийн баруун хойд хэсэг, Хэнтий аймгийн баруун өмнөд хэсэг, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар 0.0-6.0 мм цас орж, салхины хурд 12-18 метр секунд хүрч, хүчтэй цасан шуурга 12-15 цаг орчим шуурч, цаг агаарын аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байх тул зам даваанд мөстөлт, халтиргаа, гулгаа нэмэгдэхийг Цаг уурын байгууллагаас анхааруулав.

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсож, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Онц шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байх,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар 

Сэтгэгдэл бичих