Монголын бурхан шашны төв - Гандантэгчэнлин хийдийн Захиргааны өргөтгөсөн хурлаар Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлжээ. Харин Тэргүүн их хамба лам Д.Чойжамц ламын нэр дэвшүүлсэн Бурхан шашны дээд сургуулийн багш, лхаарамба Д.Жавзандорж лам нь тус үүрэгт албаны шалгуурт нийцсэн учир Захиргааны өргөтгөсөн хурлын нийт гишүүдийн 85.7 хувь дэмжсэн аж. Захиргааны тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралд 55 гишүүн оролцож 89 хувийн ирц бүрдүүлсэн байна.
Ингэснээр Д.Жавзандорж нь Монголын бурхан шашны төв - Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам XXX Хамба номун ханы үүрэгт албанд томилогдов. Тэргүүн их хамба лам XXX Хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслолын үйл ажиллагааг билгийн тооллын өлзийт сайн товлон гүйцэлдүүлэхээр болжээ.
Эх сурвалж: Монголын бурхан шашны төв - Гандантэгчэнлин хийд