Томуугийн улиралд эрсдэлт бүлгийн 300 мянган хүнийг дархлаажуулалтад хамруулна

оруулсан Алсын Хараа

"Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн 10 дахь удаагийн уулзалт, зөвлөгөөн" өнөөдөр эхэллээ.

Хоёр өдөр үргэлжлэх тус хуралд ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, бүсийн оношилгоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн удирдлага, тархвар судлаач эмч зэрэг 180 гаруй мэргэжилтэн оролцож байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа, “Ковид-19” цар тахлын үеийн ололт, амжилт, сургамжид тулгуурлан томуу, томуу төст өвчний хариу арга хэмжээг шуурхай төлөвлөн хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах нь чухал байгааг онцолж “Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш гурван жилийн дараа хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн салбарт томоохон дарамт учруулдаг томуу, амьсгалын замын синцитиаль вирус “Ковид-19” өвчний үүсгэгчтэй зэрэгцэн орчилд орсон. Тиймээс томуу, томуу төст өвчний өвчлөл өмнөх жилүүдээс нэмэгдэж, эрүүл мэндийн салбарт ирэх ачаалал хоёр дахин нэмэгдэх хандлагатай байна. Томуугийн халдвар дэлхий дахинд болон манай улсад хүн амын өвчлөл, эмнэлэгт хэвтэлтийн дийлэнх хувийг эзэлж, ялангуяа бага насны хүүхдүүд, 65 болон түүнээс дээш насны хүн амын хүндрэх, нас барах голлох шалтгаан болдог. Энэ удаагийн уулзалтыг тандалтын тогтолцооны тогтвортой байдлыг хангах, бэхжүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд ийм үед эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн хөдөлмөр, хүчин чармайлт чухал ач холбогдолтой” гэдгийг дурдав.

Энэ жил томуугийн улиралд эрсдэлт бүлгийн 300,000 хүнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөснөөс 2-5 хүртэлх насны хүүхдийн 70 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 30 хувийг  вакцинжуулах ажлыг зохион байгуулж байна. Үүнээс гадна энгийн сэргийлэлтийн арга хэмжээ болох амны хаалтаа тогтмол зүүх, гараа угаах, зай барих, олон хүн бөөгнөрсөн газраар аль болох зорчихгүй байх нь халдвар дамжин тархахаас сэргийлэх үр дүнтэй арга гэдгийг хурлын үеэр мэргэжилтнүүд онцолж байлаа.

Зөвлөгөөний үеэр "Цар тахлын дараах үеийн тогтвортой байдлыг хангах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого, чиглэл", "Шинэ болон сэргэж буй халдварын бэлэн байдал, тэсвэрлэх чадвар", Монгол Улсад 2022-2023 онд бүртгэгдсэн ТТӨ-ий байдал, тархвар зүйн онцлог, тулгамдсан асуудал" зэрэг илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Сэтгэгдэл бичих