Жуулчид 3.4 их наяд төгрөгийн орлого оруулжээ

оруулсан Алсын Хараа

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ аялал жуулчлалын талаар мэдээлэл хийв. Тэрбээр “2023 онд аялал жуулчлалыг хөгжүүлэх суурь ажлуудыг хийж дуусгаж байна. Ялангуяа Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2023 оны тавдугаар сарын 4-нд УИХ-аар баталсан. Бид стандартуудаа цэгцэлж дууслаа. Мэргэжлийн холбоог байгуулах үүрэг даалгаврын хүрээнд амжилттай биелж, хоёр удаа бүх гишүүдийн хурлыг зохион байгуулсан. Аравдугаар сарын 18-нд БНХАУ-тай хил орчмын аялал жуулчлалын хэлэлцээрийг байгуулсан. Томоохон урсгал бий болгохоор ажиллаж байна. Мөн "Их цайны зам" буюу Хятад, Орос, Монголын хамтарсан торгоны замыг буцаан сэргээх ажлууд амжилттай хэлэлцээрийн түвшинд дууслаа. Энэ арваннэгдүгээр сард өвлийн аялал жуулчлалыг сурталчлах инфлүүзерүүдийн баг ирэхээр бэлтгэлээ хангаж байна. 2023-2024 онд зургаан баг авч ирэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн хугацаанд Монголын талаарх мэдээлэл 500 сая орчим хүнд хүрч, 2019 оны түүхэн амжилтыг жуулчдын тоогоороо давсан. Одоогийн байдлаар 111 жуулчны баазын 7639 орны тоотой байна. Энэ хүчин чадлыг нэмэхээр шинэчлэл хийж, 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно. Улсын төсөвт 3.1 тэрбум төгрөгийн татаасыг суулгаж өгсөн” гэв.

Түүний ярианаас үзэхэд Боршоо, Ханх, Цагааннуурын боомтын ажиллах цагийг уртасгажээ. 2023 онд Байгаль орчин, аялал жуулчлалын  хөтөлбөрт  4.9 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Сошиал хуудсуудад олон сая дагагчтай гадаадын инфлүүзерүүдэд нэг тэрбум орчим төгрөг зарцуулснаа тэр ярьсан юм. Үүний үр дүнд эхний 10 сарын байдлаар Монголд 600 мянга орчим жуулчин иржээ. Манай улсад ирсэн жуулчид 3.4 их наяд төгрөгийн орлого оруулсан тухай БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэлдээ дурдав.

Сэтгэгдэл бичих