Монгол орны ихэнх нутгаар, өнөөдөр маргааш, нөгөөдөртөө цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ.
Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг буюу Дорноговь, Сүхбаатарын нутгаар энэ сарын 5-нд цас орж цасан шуурга шуурч, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхийг ЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа.
Түүнчлэн, арваннэгдүгээр сарын 3-нд манай орны нутгийн баруун хагаст, 4-нд төв болон говийн аймгуудын нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур өмнөх хоногуудынхаас 5-15 хэмээр эрс хүйтрэх төлөвтэй. Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр маргааш цас орж, цасан шуурахаас гадна нутгийнхаа өмнөд хэсгээр хүчтэй салхи салхилах аж. Хангайн уулархаг нутаг Завхан, Архангай, Хөвсгөлийн өмнөд, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангайн хойд хэсгээр маргааш, нөгөөдөр цас орж, цасан шуурга шуурна. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Төв аймгийн өмнөд, Дундговийн баруун хэсгээр нөгөөдөр цас орж цасан шуурга шуурна. Арваннэгдүгээр сарын 4-5-нд шилжих шөнө говийн аймгийн ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Иймд цаг агаарын мэдээг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, жолооч нар замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцаслаж, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байхыг зөвлөлөө. Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.