АНУ-ын Төв банк бодлогын хүүг хэвээр үлдээжээ

оруулсан Алсын Хараа

/AP/. АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэгч Холбооны улсын нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ 5.25-5.5 хувийн түвшинд хэвээр үлдээлээ.

Дээрх шийдвэрийг Нээлттэй зах зээлийн хорооны гишүүд лхагва гарагт болсон хуралдаанаар санал нэгтэй гаргасан бөгөөд ихэнх шинжээч, эдийн засагчид бодлогын хүүг өмнөх түвшинд хэвээр үлдээнэ гэж таамаглаж байв.

Холбооны улсын нөөцийн сангийн бодлогын хүү сүүлийн 22 жилийн хамгийн өндөр түвшинд хэвээр байгаа юм.

"Сүүлийн үеийн мэдээллээс харахад эдийн засгийн идэвхжил гуравдугаар улиралд эрчимтэй тэлж байна. Оны эхэн үетэй харьцуулахад ажлын байрны нэмэгдэл багассан ч өндөр хэвээр байгаа бөгөөд ажилгүйдлийн түвшин бага хэвээр байна. Харин Инфляц өндөр хэвээр байна" гэж тус сан мэдэгджээ.

ХНС-гийн шийдвэр гарсны дараа “Dow Jones Industrial Average” индекс 0.2 хувиар, S&P 500 болон Nasdaq Composite 0.4 ба 0.6 хувиар тус тус өссөн байна.

Сэтгэгдэл бичих