2034 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг (ДАШТ) зохион байгуулах хүсэлтээ зохих хугацаанд өгсөн цорын ганц хөл бөмбөгийн холбоо Саудын Араб улсын холбоо байлаа гэж FIFA мягмар гарагт мэдэгджээ.
Энэхүү ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлтээ аравдугаар сарын 31-ний дотор багтаан өгөхийг FIFA Ази, Далайн орнуудаас аравдугаар сарын 4-нд хүссэнээс хэдхэн минутын дараа Саудын Араб улс сонгон шалгаруулалтад оролцоно гэдгээ мэдэгдсэн байна.
Өчигдөр буюу мягмар гарагт Австрали улс уг тэмцээнийг зохион байгуулах хүсэлтээ өгөхгүй гэж мэдэгдсэнээр Саудын Араб улс цорын ганц нэр дэвшигч болжээ.
"FIFA -гийн зөвлөлөөс баталсан сонгон шалгаруулалтын журамд заасны дагуу FIFA -гийн захиргаа 2030, 2034 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах орныг сонгон шалгаруулах, үнэлэх явцыг нарийн зохион байгуулж, сонгогдсон зохион байгуулагчдыг 2024 оны дөрөвдүгээр улиралд болох FIFA-гийн конгресс батална" гэж Олон улсын хөл бөмбөгийн холбоо мэдэгдлээ.
Саудын Арабын хөл бөмбөгийн холбоо нь ДАШТ-ийг зохион байгуулах эрх авахад шаардагдах FIFA-гийн бүх нөхцлийг биелүүлнэ гэж тус холбооны ерөнхийлөгч Ясер Аль Мисехал мэдэгдсэн байна.
"ДАШТ-ийг хаант улсдаа анх удаа үзэх гэсэн саудын арабчуудын мөрөөдлийг биелүүлэхийн тулд бид чармайн ажиллаж байна. Хөл бөмбөг бол хойч үеийнхэнд маань урам зориг өгөх агуу хүчтэй гэдэгт итгэж байгаагийн сацуу 2034 оны ДАШТ нь хөл бөмбөгийг дэлхий даяар хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж найдаж байна" гэж тэрбээр олон нийтийн X сүлжээнд бичжээ.
FIFA мөн 2030 оны ДАШТ-ийг зохион байгуулах Марокко, Испани, Португал улсууд Уругвай, Аргентин, Парагвайтай хамтран гурван тив дамнан зохион байгуулах цорын ганц хүсэлтийг хүлээн авсан гэдгийг мэдээлсэн юм.