11 дүгээр сарын 2 дугаар 10 хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, шуурна

оруулсан Алсын Хараа

Цаг уурын байгууллагаас 2023 оны 11 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ.

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)

Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн, хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Завханы нутаг, Говь–Алтайн баруун хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх аж. Гэвч ОЖД–тай харьцуулахад дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, агаарын температур ОЖД–аас 2–4°С-аар хүйтрэх төлөв гарчээ. Харин сүүлийн буюу 3 дахь арав хоногт харьцангуй тогтвортой байхаар байна.

Төвийн аймгуудын нутгаар. Хөвсгөлийн ихэнх, Архангайн баруун, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр ОЖД–аас хүйтэн,байна. Хур тунадас Хөвсгөлийн нутаг, Архангайн баруун хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар ОЖД–ийн орчим (Зураг 7) орох төлөвтэй байна. Агаарын температур сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай. Гэвч ОЖД–тай харьцуулахад дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, агаарын температур ОЖД–аас 3–4°С-аар хүйтрэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар хүйтэрнэ. Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар дулаан байх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим, хур тунадас Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарсан байна. Сарын эхээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай, хүйтэн байх аж. Гэвч ОЖД–тай харьцуулахад дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, агаарын температур ОЖД–аас 2–4°С-аар хүйтэрнэ. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар дулаан байх төлөв гарчээ.

Говийн аймгуудын нутгаар. Өмнөговийн баруун хэсгээр энэ сард агаарын дундаж температур ОЖД–аас хүйтэрнэ. Бусад нутгаар дунджийн орчим хур тунадас Дорноговийн ихэнх, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД–аас бага бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай сэрүүхэн байх аж. Гэвч ОЖД–тай харьцуулахад дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас орж, агаарын температур ОЖД–аас 1–3°С-аар хүйтрэх төлөв гарчээ. Бусад хугацаанд ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С-аар дулаан байх төлөвтэй байна.

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг.

ӨВЛИЙН УЛИРАЛД ОРДОГ ЦАСНЫ ДУНДАЖ ХЭМЖЭЭ

Жил бүрийн 11 дүгээр сард ОЖД-аар Их нууруудын хотгор, Дархадын хотгор, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газар болон Дорнод, Монголын тал нутгаар сард дунджаар 5–7 өдөр, бусад нутгаар 1–5 өдөр цас ордог байна. Эндээс уул зүйн нөлөөгөөр уулынхаа ард талд бага хэмжээний бага даралтын орон гүнзгийрч хотгор газрууд болон гол нуурын хөндийгөөр цас орох тохиолдол харьцангуй их байдаг. Монгол оронд X сараас эхлэн цасан бүрхүүл үүсэж, 11 дүгээр сарын сүүл гэхэд цасны зузаан 3,5–4,5 см хүрч нэмэгддэг байна.

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Арваннэгдүгээр сарын агаарын ОЖД температур нь Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар -12…-18°C, Хөвсгөлийн уулархаг нутгаар -18...-22°C, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнодын тал газраар -2...-8°С, бусад нутгаар -8...-12°C хүйтэрнэ. Сарын нийлбэр хур тунадасны хувьд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4–8 мм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–4 мм ордог аж.

Арваннэгдүгээр сарын агаарын дундаж температур 1979, 1981, 1984–1987, 1989, 1993, 1996, 2000, 2002–2003, 2009, 2011–2012, 2015–2016 онуудад нийт нутгаар ОЖД–аас 1–5°С–аар хүйтэн байжээ. Харин 1980, 1983, 1988, 1994–1995, 1998–1999, 2001, 2005–2008, 2010, 2013–2014, 2020–2021 онуудад ОЖД-аас 1–3°С–аар дулаан байсан байна. Хур тунадас 1979, 1987, 1990, 1992, 1996, 2000, 2003, 2009–2012, 2015–2016 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу, 1985, 1988–1989, 1995, 1997, 1999, 2004–2008, 2014, 2018, 2021 онууд ОЖД–аас харьцангуй бага хур тунадас орсон байна.

ЗӨВЛӨМЖ

Арваннэгдүгээр сард баруун аймгуудын нутгаар ОЖД–аас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа аж. Бусад нутгаар агаарын температур болон хур тунадас ОЖД–ийн орчим байх төлөв гарчээ. Сарын хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, ихэнх нутгаар ОЖД–аас 3–4°С–аар хүйтрэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар дулаарах боловч хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэрэг хур тунадас орж, агаарын дундаж температур ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байх бол гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Сэтгэгдэл бичих