Японд зэвсэгт этгээд хүн барьцаалжээ

оруулсан Алсын Хараа

Мягмар гарагт Япон улсын Сайтама мужийн Вараби хотын шуудангийн байранд галт зэвсэгтэй этгээд хүмүүсийг найман цагийн турш барьцаалсны эцэст баривчлагдсан байна.

Барьцаалагдсан хоёр эмэгтэйн нэгийг зэвсэгт этгээд өөрөө явуулсан бол хоёр дахь эмэгтэйг цагдаа нар хүч хэрэглэн чөлөөлжээ.

Хоёр эмэгтэйн аль аль нь ямар нэг бэртэл гэмтэл аваагүй байна.

Эмэгтэйчүүдийг барьцаалсан 86 настай эрэгтэйг өчигдөр өглөө Тода Чуо нэгдсэн эмнэлгийн гадна болсон зэвсэгт халдлагыг бас үйлдсэн гэж цагдаа нар сэжиглэж байгаа ажээ.

Тухайн халдлагын үеэр нэг эмч, өндөр настай нэг өвчтөн хөнгөн шархадсан юм.

Эмнэлэг болон шуудангийн байр хоорондоо 2.5 км зайтай байжээ. Зэвсэгт этгээд эмнэлгийн халдлагын дараа мотоциклоор шуудангийн байранд ирснийг цагдаа нар мэдээлсэн байна.

Зэвсэгт халдлага болон хүн барьцаалалт ямар шалтгаан, зорилготой байсныг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.

Галт зэвсгийн хэрэглээг хатуу хориглож, хянадаг Япон улсад буу ашигласан гэмт хэрэг ховор гардаг.

Тус улсын хуулиар иргэд зөвхөн ангийн болон хийн буу эзэмших эрхтэй байдаг бөгөөд эзэмших эрх авахын тулд сэтгэцийн эрүүл мэндийн хатуу шалгуураар ордог байна.

Сэтгэгдэл бичих