Л.Месси 8 дахь удаагаа "Алтан бөмбөг"-ийн эзэн боллоо

оруулсан Алсын Хараа

/RIA Novosti/. “France Football” сэтгүүлээс улирлын шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг” (Ballon d'Or) шагналыг “Интер Майами“ багийн довтлогч Лионель Месси найм дахь удаагаа хүртлээ.

Шагнал гардуулах ёслол Парис хотын "Шателет" театрт даваа гарагт болсон байна. "Интер Майами" клубын хувьцаа эзэмшигч, Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэм энэ шагналыг Л.Мессид гардуулжээ. 2022 онд уг шагналыг “Реал Мадрид”-ын хөлбөмбөгчин Карим Бензема хүртэж байсан юм.

Л.Месси өмнө нь 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021 онд "Ballon d'Or" шагналыг хүртэж байсан бөгөөд өдгөө 36 настай тэрбээр энэ шагналыг хамгийн олон удаа хүртсэн хөлбөмбөгчин боллоо. Удаад нь таван "Ballon d'Or"-ын эзэн Португалийн Криштиану Роналду орж байна.  Өнгөрсөн улиралд Л.Месси Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд  Катарт болсон ДАШТ-д түрүүлж, тэмцээний шилдэг тоглогчоор шалгарснаас гадна “ПСЖ” багийн бүрэлдэхүүнд Францын аварга болсон юм.

“France Football” сэтгүүлийн санал хураалтаар Мессигийн дараа хоёрдугаар байрт “Манчестер Сити”-гийн норвеги довтлогч Эрлинг Хааланд, гуравдугаарт “ПСЖ” багийн франц довтлогч Килиан Мбаппе, дөрөвдүгээрт “Манчестер Сити” ба Бельгийн шигшээгийн тоглогч Кевин Де Брюйне нар тус тус оржээ.

Сэтгэгдэл бичих