Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо (МСБХ), Мэргэжлийн сагсан бөмбөгийн багийн эзэд, хөрөнгө оруулагчдын холбоо (МСББЭХОХ) хоорондын үүссэн асуудалд Үндэсний дээд лигийн долоон багийн тамирчдын төлөөлөл ямар байр суурьтай байгаа талаараа мэдээлэл өглөө.
Монголын сагсан бөмбөгийн тамирчдын Ирээдүй холбооны гишүүн Г.Баттөр "Олон нийтийн сүлжээнд гарснаар сүүлийн 11 хоногийн хугацаанд МСБХ болон МСББЭХОХ хоорондын үл ойлголцлын асуудалд Үндэсний дээд лигийн тамирчид нэгдсэн нэг байр суурьтай байгаа. Үндэсний дээд лиг ирэх сарын 3-нд эхэлнэ.
Дээрх хоёр холбоо бие биедээ тавьсан шаардлагаа биелүүлэхгүй байгаагийн улмаас Үндэсний дээд лигийн таван багийн 70 гаруй тамирчин удахгүй эхлэх лигтэй тоглох боломжгүй болоод байна.
Нийт тамирчдын зүгээс нэгдсэн нэг л лигт тоглох албан ёсны байр суурьтай байгаагаа мэдэгдэж байна. Тамирчдын холбооноос дээрх хоёр холбоотой уулзаж хүсэлтээ тавьсан. Бид аль нэг холбооны талд орохгүй. Үзэгчдээ хүндлээд нэгдсэн нэг лигтээ л тоглоно. Ямар нэгэн байдлаар хоёр лигт хуваагдаж тоглох хүсэлгүй байгаа" хэмээн ярив.
"ТАМИРЧИД НЭГ ЛИГТ ТОГЛОХ ХҮРТЭЛ МИНИЙ БИЕ ХАСЫН ХҮЛГҮҮД БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД ТОГЛОХГҮЙ"
Хасын хүлгүүд багийн тоглогч Б.Билгүүн "Үүсээд буй нөхцөл байдалд талууд янз бүрийн л байр суурьтай байна. Олон нийтийн сүлжээнд буруу мэдээлэлтэй явж буй хүмүүс ч байна. Манай багийн тамирчид эздийгээ дагаад Үндэсний дээд лигт оролцох шийдвэртэй байгаа.
Сагсан бөмбөгийн тамирчид маань нэгдсэн нэг байр суурьтай байх ёстой. Тамирчид нэг лигтэй тоглоно гээд бэлтгэлээ хийгээд явж байтал долоо хоногийн өмнө ийм шийдвэр гарсан нь үнэхээр харамсалтай байна.
Миний зүгээс ямар нэгэн баг, холбоог төлөөлж бус хувь хүнийхээ дагуу саналаа өгнө. Тиймээс тамирчид нэг лигт тоглох хүртэл миний бие Хасын хүлгүүд багийн бүрэлдэхүүнээс тоглохгүй" хэмээн мэдэгдлээ.
Эрдэнэтийн Уурхайчид багийн тоглогч Т.Санчир "Энэ асуудал нь анх удаа тохиолдож байгаа зүйл биш. Арван жилийн өмнө бүх шатандаа хагаралтай байдлыг туулж үзсэн. Дахин заавал хагаралтай байх нь тийм ч сайхан зүйл биш юм. Сагсан бөмбөгийн спортод үзэгч хамгийн чухал. Тиймээс МСБХ маань үзэгчдээ хүндлээд гарсан шийдвэртээ уян хатан хандах болов уу гэж найдаж байна.
МСБХ-ны сонгуульд олон талын төлөөллүүд оролцож дуу нэгтэйгээр ерөнхийлөгчөө сонгосон. Биднээс сонгогдож гарч ирсэн учир гаргасан шийдвэрээ эргэж хараасай" хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ.