Ирэх оны төсвийн хөрөнгийг эрчим хүчний салбар болон авто замын бүтээн байгуулалтад түлхүү зарцуулна гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр сэтгүүлчидтэй уулзах үеэр онцоллоо. Түүнээс төсөвтэй холбоотой зарим зүйлийг тодруулав.
-Төр, засаг “Халамжаас хөдөлмөрт шилжье” гэсэн бодлого барьж буй. Гэтэл нийт төсвийн 30 гаруй хувь халамжид зарцуулахаар байна. Энэ талаар тодруулна уу?
-Энэ бол бид нэг жилийн дотор халамжаас хөдөлмөрт 100 хувь шилжээд, тэглэнэ гэсэн ойлголт биш. Юуны өмнө бид нийгмийн хамгийн том асуудал болох халамжийн зорилтот бүлгийг орхиж болохгүй. Харин халамжийг нэмэхгүй байх нь чухал болоод байна. Чанарын хувьд өөрчлөгдөж буй зүйл бол байгаа. Хүнсний талон авдаг иргэдийн тоо буурч, бүхэл бүтэн сумаараа больж байна. Бусдаар халамжийн төрлийг нэмээд, өөр байдлаар уялдуулан өсгөж буй зүйл ирэх жилийн төсөвт огт байхгүй. Ирэх оны төсөвт халамжтай холбоотойгоор хоёр тоо механикаар нэмэгдэж байгаа. Нэгд, цалинг инфляцтай уялдуулан нэмнэ. Хоёрт, зүй ёсны шаардлага хангасан, зорилтот бүлэгт хамрагдах ёстой иргэдийн тоо нэмэгдэж байна. Жишээ нь, хүүхдийн мөнгө жил ирэх бүр нэмэгдэж ирсэн. 100 мянга төгрөгийг нэмэхгүй ч гэсэн Хүүхдийн мөнгө авах иргэдийн тоо өсөж, төсөвт суудаг тоо нь нэмэгдэж байна. Төр бол ажлын байр бэлтгэдэг эцсийн ажил олгогч биш. Төрийн албан хаагчдын тоог бол төрийн үйлчилгээг иргэдэд тасралтгүй хүргэх тэр хэмжээнд л барьж байх ёстой юм. Эцсийн баялаг бүтээгч, ажил олгогч нараа дэмжсэн бодлого чухал юм.
-Ирэх онд төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлэхээр төсөвт орж ирсэн. Эдгээрийг ирэх оны 4 дүгээр сараас нэмнэ гэж байна. Яагаад оны эхнээс нэмэгдүүлэхгүй байна вэ?
-Энэ жилийн хувьд бид цалин хөлсийг 7 дугаар сарын 1-нээс тооцоод хагас жилээр нэмж байгаа. Макро эдийн засгийн хувьд томоохон хэмжээний өөрчлөлт хэзээ гарч ирдэг вэ гэхээр нэг улирлаас 2 улирлын дараагаас нөлөөлж эхэлдэг. Тухайлбал, ажилгүйдлийн түвшин улирлаас шалтгаалж хагас жилийн дараагаар буурдаг. Үүнтэй адил инфляцын, үнийн өсөлтийн нөлөө цалин хөлсийг нэмэхэд мөн нэг улирлаас 2 улирлын байдлаар гарч ирдэг. Тиймээс цалин нэмэх асуудлыг жил бүр инфляцтай уялдуулан нэмэх хуулийн заалттай байдаг.
Хэрэв цалинг нэгдүгээр сарын 1-нээс нэмбэл өмнөх жилийнхээ цалингийн өсөлттэй хамт дараа жилдээ орох учир үнийн өсөлт дээр таатай бус байдал үүсгэнэ. Тиймээс бид ирэх оны эхний улирлын байдлыг харгалзан 4 дүгээр сарын 1-нээс нэмэхээр тооцсон. Ер нь бол ирэх онд төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх, Нийгмийн халамжийн сангаас олгох байдлыг инфляцын дүнтэй уялдуулан 10 хувиар нэмэгдүүлэхээр төсөвт орж ирсэн.