Тайсон Фьюри холимог тулааны аварга Нганнуг яллаа

оруулсан Алсын Хараа

Дэлхийн боксын зөвлөлийн (WBC) хувилбараар хэт хүнд жинд дэлхийн аварга цолыг хадгалж буй Их Британийн боксчин Тайсон Фьюри Тулааны урлагийн үнэмлэхүй аварга шалгаруулах тэмцээний (UFC) аваргын титмийг эзэмшиж байсан Францын тамирчин Фрэнсис Нганнуг гурван шүүгчийн хоёрынх нь саналаар яллаа.

10 үеийн турш үргэлжилсэн боксын тулаан Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо бямба гарагт болжээ.

Тулаан дөнгөж эхэлмэгц Фьюри дараалсан хоёр оновчтой цохилт хийхэд Нганну тэсэж үлдсэн төдийгүй өөрөөсөө хамаагүй илүү туршлагатай боксныг сандаргаж эхлэв. Улмаар гуравдугаар үед Фьюри нокдаунд оржээ. Ерөнхийдөө тэрбээр илүү түргэн хөдөлж, илүү оновчтой цохилтууд хийж байсан боловч франц эр маш аюултай довтолгоонуудыг хийж байлаа. Ялангуяа 8 дугаар үед Нганну эрс идэвхжиж, тулааныг хугацаанаас нь өмнө дуусгахаар яарч эхлэв.  Тоглолтын төгсгөлд тэрбээр бага зэрэг ядарсан байсан бөгөөд түүнийг 10 үеийн турш ингэж тоглож чадна гэдэгт нь цөөхөн хүн итгэж байв.

Тулаанд ялсан өдгөө 35 настай Фьюри мэргэжлийн боксын рингэнд ялагдал гэдгийг үзээгүй бөгөөд 34 удаа ялж, 1 удаа тэнцсэн үзүүлэлттэй.

Хамгийн сүүлд 2015 оны 11 дүгээр сард тэрбээр Олон улсын боксын холбоо / IBF/, Дэлхийн боксын холбоо / WBA/, Дэлхийн боксын байгууллага / WBO/ гэсэн гурван холбооны аваргын титмийн төлөөх тулаанд Украины Владимир Кличког ялж байв. Үүний дараа эрүүл мэндийн ба хар тамхины асуудлаас үүдэн 2 жил 6 сарын турш рингэнд гараагүй юм.

Харин 37 настай Нганну мэргэжлийн боксын рингэнд анх удаа гарчээ. Тэрбээр холимог тулааны төрөлд 17 удаа ялж, 3 удаа ялагдсан байна. 2021 онд UFC-гийн аварга болсныхоо дараа тус байгууллагаас гарснаас хойш тэмцээнд оролцоогүй юм.

"Boxing Kingdom" цахим хуудсанд бичсэнээр бол, тулаанд ялсан Фьюри 40 сая доллар, ялагдсан Нганну 10 сая долларын мөнгөн шагнал авчээ.

Ташрамд дурдахад, WBA, IBF ба WBO гэсэн боксын гурван холбооны титмийг Усик эзэмшиж байгаа бөгөөд дэлхийн үнэмлэхүй аваргын титмийн төлөөх Фьюри, Усик хоёрын тулаан 2024 оны нэгдүгээр сарын 20-нд болно.

Сэтгэгдэл бичих