Барилга, хот байгуулалтын яамнаас Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслийн барилгуудад хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.
Хяналт шалгалтаар 10 төсөл, хөтөлбөрийн 85 аж ахуйн нэгж байгууллага, 105 барилга байгууламжийг хамруулснаас батлагдсан зураг төсөлгүй, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй 40, ил далд ажлын акт, барилгын угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл баталгаажуулаагүй 12, угсралтын ажил гүйцэтгэхдээ технологийн алдаа гаргасан 17, үндсэн хийц бүтээц өөрчилсөн 3, бетон нь төслийн бат бэхэд хүрэхгүй 3, бараа материал зориулалтын бусаар хадгалсан 20 зөрчил илэрчээ. .
Энэ талаар БХБЯ-наас “Батлагдсан зураг төсөлгүй үйл ажиллагаа явуулах зөрчил 40 хувийг эзэлж байна. Барилга эхлэх зөвшөөрөл авахгүйгээр барилга угсралт хийж байгаа асуудал бас дийлэнх хувийг эзэллээ. Барилга угсралтын ажлын явцад тухайн ажлыг баталгаажуулах бичиг баримтын бүрдлийн хангалт хангалтгүй. Үндсэн ажлын хийцийг өөрчлөх, технологийн алдаа гаргах зэрэг зөрчил байна. Тухайн төслийн хэмжээнд буюу барилга угсралтын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа бараа материалын чанар, аюулгүй байдал чанарын шаардлага хангахгүй байна.
Түүнчлэн барилга доторх инженерийн шугам сүлжээний угсралтыг зураг төсөлгүй гүйцэтгэж буй асуудал гарсаар. 25 хувь нь эзэмшил газрын талбай хэмжээг өөрчилсөн, 87 хувь нь газар эзэмшигч газрын төлөв байдалд чанарын баталгаа хийлгээгүй, дүгнэлт хэрэгжүүлээгүй гэсэн зөрчилтэй. Түүнчлэн барилга байгууламжийн геодезийн хэмжилт, тэмдэг тэмдэглэгээ, хэв гажилтын хэмжилтийг төсөл хөтөлбөр дээр хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгасан. Энэ хангалтгүй дүнтэй гарсан. Эрх зүйн байгууллагаар геодезийн хэмжилт хийлгэдэггүй зөрчил илэрсэн. 64 хувь нь мэргэжлийн хүнээр хэмжилт хийлгэдэггүй, тодорхой багц ашигладаггүй гэх ноцтой асуудал гарсан. Өргөх байгууламжууд мэргэжлийн хүн ажиллуулдаггүй. Шаардлага хангахгүй техник хэрэгслийг талбай дээр ажиллуулсан зөрчил илэрсэн” гэв.
Хяналт шалгалтад дараах барилга байгууламж, инженерийн шугам сүлжээг хамруулсан. Үүнд:
-БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьж буй Ногоон нуур 1008 айлын орон сууцын цогцолбор
-Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт
-Монголын мянганы сорилтын сангийн санхүүжилттэй Улаанбаатар хотын цэвэр усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн бүтээн байгуулалт
-Монголын мянганы сорилтын сангийн санхүүжилттэй Ус дахин боловсруулах үйлдвэр
-“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс боловсруулах үйлдвэр
-“Админерал” ХХК-ийн нүүрс боловсруулах үйлдвэр
-“Оюу толгой”-н баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, гүний уурхайн бүтээн байгуулалт
-Дорнодын цахилгаан станцын 50 мВт-ын өргөтгөл
-Бөөрөлжүүтийн 300 мВт-ын цахилгаан станцын төсөл
-Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх дэд төвд тус тус шалгалт явуулжээ.
Шалгалтаар нийт захиалагч, зохиогч, ерөнхий гүйцэтгэгч 13 аж ахуйн нэгж байгууллагад улсын ахлах байцаагчдын 193 заалт бүхий найман албан шаардлага, таван дүгнэлт хүргүүлж, 10 аж ахуйн нэгж байгууллагад 48 сая төгрөгийн торгууль, шийтгэлийн арга хэмжээ авч, хоёр аж ахуйн нэгж байгууллагын 23 объект, барилга байгууламжийн угсралтын ажлыг түр хугацаанд зогсоохоор болжээ.